Улсын төсөв өнгөрсөн сард батлагдсан бол 12-р сарын 2-ны өдөрнийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж ирэх оны нийслэлийн төсвийн төслийг баталлаа. Ирэх оны нийслэлийн төсвийн орлого болоод томоохон зардлыг авч үзвэл.
- 2023 онд нийслэл 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлогыг татан төвлөрүүлнэ. Эдгээр орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ. Эдгээр татварын орлогын 52.5 хувийг хувь хүний орлогын албан татвараас бүрдүүлэх юм.
- харин нийт төсвийн орлогын 593.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр болсон. Ингээд нийт нийслэлд 1 их наяд 149 тэрбум төгрөг үлдэж байгаа бөгөөд үүний 774.4 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулна.
- нийслэл болон дүүргээс санхүүждэг 109 байгууллагын 7141 төрийн албан хаагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 153.7 тэрбум төгрөгийг зарцуулна.
- нийслэл, дүүргийн засаг захиргааны барилгын тогтмолд зардалд 69 тэрбум төгрөгийг, нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдийн нөхөн олговорт 40.6 тэрбум төгрөгийг зарцуулна.
Ирэх оны төсвийн төсөлд сошиал инфлюнсэрээр удирдуулсан Сэлбэ голыг тохижуулах төсөл багтаж иргэдийн шүүмжлэлийг дагуулж байсан юм. Харин 12-р сарын 1-ны өдөр тус төслийг НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс татан авсан юм. Тэгвэл тус төслийн санхүүжилтийг Боловсрол болон Эрүүл мэндийн салбарт олгохоор болсон байна.
Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь сөрөг хүчний төлөөллүүдийн зүгээс төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ алдагдсан. Чиг үүрэг ижил төстэй олон агентлаг болоод нийслэлийн харьяа газруудыг нэгтгэж татан буулгаж хэмнэсэн төсвөөр нэн шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Харин НИТХ-ын олонх болох Ардын намын төлөөлөгчдийн зүгээс чиг үүрэг ижил төстэй агентлаг байхгүй, төрийн албан хаагчдын цалингаас хэмнэлт хийх боломжгүй гэж үзэж байгаа юм.
Нийслэлийн нийт өрийн хэмжээ 2 их наяд төгрөгт хүрсэн. Энэхүү хоёр их наяд төгрөгийн зээлээр 24 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх онд зээлийн эргэн төлөлтөд 45 тэрбум төгрөгийг төлнө.