Гэр хорооллын айл өрхүүдэд долоо хоногт 6 шуудай түлш олгож байгаа нь хангалттай хүрэлцдэггүй

Гэр хорооллын айл өрхүүд долоо хоногт 6 шуудай шахмал түлш авах журамтай. Гэвч хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд тоо зааж олгосон түлш нь хүрэлцдэггүйн улмаас айл өрхүүд бүлээцэх төдий халаалттай байдаг гэж зарим иргэд хэлсэн юм.

Нийслэлчүүд жилд дунджаар 600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг гэсэн судалгаа бий.энэ онд нийт 670 цэгт шахмал түлш борлуулах цэг ажиллаж байгаа юм. Түлш худалдаалах цэг хангалттай байгаа хэдий ч долоо хоногт зургаан шуудай түлш олгодог. Энэ нь зарим айл өрхүүдэд хүрэлцдэггүй учир иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Энэхүү асуудлаар холбогдох байгууллагаас түлшний тоог нэмэгдүүлэн олгох боломжтой эсэхийг тодруулахад Яам болон Төрийн захиргааны байгууллагуудын  шийдвэрлэх асуудал учраас шийдэл хэлэх боломжгүй гэсэн юм.

Тэгвэл иргэдийн зүгээс өөрсдийн мөнгөөр түлш худалдан авч байгаа учраас тоо хэмжээ заах ёсгүй чөлөөтэй худалдан авалт хийх ёстой гэж үзэж байгаа юм. Мөн шахмал түлшний чанар муудаж 2-3 цаг тутамд галлагаа хийх шаардлага үүсэж байгаа тухай ярьж байсан юм.