Энэ ондоо багтаан шинээр 590 автобус оруулж ирэхээр төлөвлөсөн ч төлөвлөгөөндөө хүрч чадсангүй

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ ондоо багтаан 590 автобус оруулж ирэхээр төлөвлөөд байсан ч одоогоор ердөө 91 автобус шинээр үйлчилгээнд явж байна. Үүнээс 61 энгийн автобус, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, мөн хүүхдийн 20 автобус  шинээр тус тус оруулж иржээ.

Автобус хүлээлтийн хугацаа 5-10 минут байх ёстой. Гэвч ажил эхлэх, тарах ачааллын үеэр иргэд ойролцоогоор 1-2 цагийг автобус хүлээхэд зарцуулж байна. Хүйтний эрч чангарсан энэ үед олон цагаар иргэд ийнхүү хүлээж зогсдог ч автобусандаа багтаж сууж чадахгүй байна. Угтаа бол нэг автобусанд дунджаар 40-50 орчим хүн суух стандарттай ч ачааллын үеэр 100 гаруй хүн нэг автобусанд зорчиж байна. 

Одоогоор 60 гаруй тэрбум төгрөгөөр 200 гаруй автобусыг урд хөршөөс захиалсан байна. Эдгээр автобус үйлдвэрлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд тэдгээрээс 100 нь энэ сарын сүүлээр орж ирэхээр байна. Гэвч хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалж  энэ хугацаа хойшилж магадгүй нөхцөл байдал үүсжээ.

Ажил, сургуульдаа амжихын тулд үүрээр босож, автобусаа хүлээж, түгжрэлд цагаа өнгөрөөн оройн ажил, сургууль тарах үеэр мөн л энэ нөхцөл байдалд давтагддаг. Өвлийн улиралд эрт харанхуй болдог учир иргэд өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, үр хүүхдэдээ цаг гаргах гэх мэтээр чөлөөт цаг гардаггүй талаар ярьж байсан юм.

Мөн автобусны хүрэлцээнээс гадна чанар стандартын асуудал бий. Хүйтэн, суух сандал, бариулгүй, бохир гэх мэтээр стандартын шаардлага хангаагүй олон автобус үйлчилгээнд явж байна. Тиймээс шинэ автобусыг хурдан хугацаанд татан авч, насжилтын хугацаа хэтэрсэн автобусыг актлах хэрэгтэй байна.

Өнгөрсөн жил Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотоос төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг Нийслэлд өөрт нь үлдээж тус хөрөнгөөр түгжрэлийг бууруулах 12 багц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Гэвч үр дүнгээ хэзээ өгөх нь тодорхойгүй байна..