Манай улсад худалдаалагдаж буй онгоцны түлшний үнэ бусад улстай харьцуулахад 30 орчим хувиар илүү үнэтэй байгаа юм. Харин тийзийн үнэ өндөр байгаагийн нэг шалтгаан нь агаарын түлшний үнэ гэж хэлж байна. 12-р сарын 1-ны өдрийн УИХ-ын чуулганаар газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөл батлагдвал тийзийн үнэ 8-10 хувиар буурч, хөдөө орон нутгийн нислэгийн тоо ч нэмэгдэх боломжтой гэж албаныхан үзэж байна.
Ирэх гурван жилийг Засгийн газраас Монгол улсад зочлох жил болгон зарласан. Гэвч Монгол улсыг зорих жуулчид болон дотоодын зорчигчдод тулгардаг нэгэн асуудал нь онгоцны тийзийн үнэ юм. Онгоцны тийз үнэтэй байгаагийн нэгэн шалтгаан нь түлшний асуудал. Тодруулбал Сингапурын олон улсын бирж дээр онгоцны түлш нэг тонн нь 1100 орчим америк долларын ханштай байгаа бол манай улсад 200-300 долларын илүү үнээр зарагдаж байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 12-р сарын 1-ны өдөр хийсэн. Тэгвэл УИХ дахь цөөнхийн бүлгийн зүгээс газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулснаар төр хувийн хэвшил хоорондоо өрсөлдөх нөхцөл бүрдэж төрийн бүтэц данхайна гэж мэдэгдсэн юм.
Албаныхны зүгээс Төрөөс энэ байдлаар агаарын тээврийн компаниудаа дэмжих хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Хуулийн төсөл батлагдсанаар Чингис хаан Олон Улсын нисэх буудлын үйл ажиллагаа өргөжиж, манай улсад агаарын тээвэрлэлт хийж байгаа дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэж иргэд хямд тийз худалдаж авах боломж бүрдэх юм.