Цар тахлын үеэс эхлээд өнөөг хүртэл манай улсад төдийгүй Дэлхий дахинд сувилагчийн ажил мэргэжил дээр хүний нөөцийн хомсдолд ороод байна. Манай улсын Эрүүл мэндийн салбарт 14000 орчим сувилагч ажилладаг гэсэн албан бус судалгаа бий. Гэвч улсын хэмжээнд нийт 20000 орчим сувилагч ажиллах шаардлага байгаа юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 300 гаруй сувилагч ажилладаг. Эмнэлгийн салбарын ачаалал их учраас сувилагчид 8-аас 16 гэсэн цагийн хуваариар ажилладаг байна. Мөн хүний нөөцөө нөхөж ажиллах зорилгоор зарим өдрүүдэд бүтэн цагаар ажиллах ч тохиолдол гардаг. Тиймээс зарим сувилагчид бүтэн сарын хугацаанд нэг өдөр гэртээ тухтай амарч чаддаггүй байна.
Тус эмнэлгийн хувьд хүний нөөцөө тогтвортой ажиллуулах үүднээс тухайн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулж цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлдэг байна. Мөн хүний нөөцөө бүрдүүлэхийн тулд тус мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг төгсөхийн өмнөх болон төгссөний дараах сургалтад хамруулан ажилд авдаг байна.
Улсын эмнэлгүүд хүний нөөцийн дутагдалд орсноор зарим сувилагчид ажлын ачааллаа дийлэхгүй мэргэжлээрээ ажиллахаас татгалзаж эхэлсэн байна. Тиймээс Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн халамжийг сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх гэх мэт шат дараалсан арга хэмжээг нэн тэргүүнд авах хэрэгтэй байгааг салбарын ажилтнууд хэлж байсан юм.