Эрдэнэт хотын хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид монголд анх удаа “Асаж буй толгод” хүүхдийн жүжиг тоглож байна. Уран бүтээлчид бүтээлдээ Монгол нутагт 60-70 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийг дүрсэлснээрээ үзэгч багачуудын анхаарлыг ихэд татжээ.
“Асаж буй толгод” жүжигт Монгол орны газар нутгаас олдсон палентлогийн олдвор болох Үлэг гүрвэлийн түүхийг харуулдаг байна. Энэхүү жүжиг нь Монголын анхны бүрэн хэмжээний 3D, багт драмын жүжиг гэдгээрээ онцлогтой. Уран бүтээлийн судалгаа болон зураг авалтыг Өмнөговь аймгийн булган сумын баянзаг хэмээх газар очиж хийжээ. Учир нь Баянзаг хэмээх газар нь палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар юм. Мөн жүжгийн дүр, баг, тайз дэлгэц, орчин нөхцөлийг тухайн цаг үе, түүхтэй уялдуулан хийжээ.
“Асаж буй толгод” 3D тайзны жүжигт дүрслэгдэж байгаа Үлэг гүрвэлүүд нь Монгол оронд 60-70 сая жилийн тэртээ амьдарч байжээ. Сүүлийн үед Соёлын яамнаас өв соёлын тухай их ярьж байгаа учир Монголын биет өв болох Үлэг гүрвэлээр дамжуулан соёлыг хүүхэд багачуудад түгээхийг хүссэн тухайгаа уран бүтээлч нар хэлж байсан юм. Театрын уран бүтээлчид Улаанбаатар хотын хүүхдүүдэд маргааш болон нөгөөдөр жүжгээ тоглох юм байна.