“Тесла” компани Хятадын зах зээлээс 400 гаруй мянган цахилгаан автомашинаа эргүүлэн татна

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Teсла” компани арын гэрлийн доголдлыг засах шинэчилсэн программ хангамж суулгахын тулд Хятадын зах зээлээс 430 гаруй мянган автомашинаа эргүүлэн татахаар болсноо мэдэгджээ. “Model 3” загварын 130 мянга, “Model Y” загварын 300 мянган авто машиныг  арын гэрэл унтрахтай холбоотой программ хангамжийн доголдлын улмаас эргүүлэх татахаар болсон байна.

Арын гэрэл унтрахтай холбоотой программ хангамжийн ийм доголдол нь  жолооч нарын аюулгүй байдалд эрсдэл  учруулж байгааг албаны төлөөлөгчид хэлжээ. Өнгөрсөн сард “Teсла” компани АНУ-ын зах зээлээс 320 гаруй мянган  автомашинаа дээрхтэй ижил шалтгаанаар эргүүлэн татжээ.

Тус компани доголдлыг засах шинэчилсэн программ хангамжийг зайнаас суулгана. Хятад нь “Teсла” компанийн хамгийн том зах зээлүүдийн нэг бөгөөд томоохон үйлдвэр нь Шанхай хотод байрладгаас гадна Хятадад үйлдвэрлэгдсэн автомашинуудынх нь борлуулалт сүүлийн саруудад шинэ дээд үзүүлэлтэд хүрээд байгаа юм.

2023 онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчид зах зээлд нийлүүлэх тээврийн хэрэгслүүдийнхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Учир нь Европын Холбооны улсууд 2030 оноос эхлэн шат дараатайгаар бензин болон дизель автомашинаас татгалзана гэдгээ мэдэгдсэн байна.