ОХУ-ын эрх баригчид газрын тосны үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаар ням гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ тэргүүтэй Өрнөдийн улс орнуудын эрх баригчид дайныг санхүүжүүлж байгаа Оросын газрын тосыг баррель тутмыг нь 60 ам.долларт барих төлөвлөгөөгөө зарласан юм.
Энэ сарын 1-нд АНУ, ЕХ, “Долоогийн бүлэг” болон Австралийн эрх баригчид Оросын түүхий газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох шийдвэр гаргасан нь энэ долоо хоногоос албажиж байна. Үүнтэй холбогдуулан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Өрнөдийн улсуудын хууль бус хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаар мэдэгджээ. Тэрбээр “ОХУ Өрнөдийн улсуудын уг хязгаарлалтыг хэрэгжүүлсэн аливаа улс, орнуудад газрын тос нийлүүлэхгүй” гэж хатуу анхааруулжээ. Украины дайнтай холбогдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа Өрнөдийн улсуудад Песковын уг мэдэгдэл хийрхэл төдий бол бусад худалдан авагчдад түүний мэдэгдэл хатуу тусаж байгааг шинжээчид онцолж байна.
Өрнөдийн улсуудын тогтоосон үнийн дээд хязгаарыг дагаж мөрдөж байгаа аливаа улсууд ОХУ-аас газрын тосны нийлүүлэлтээ хангаж чадахгүй болно. Нөгөөтээгүүр стратегийн чухал асуудлаа шийдвэрлэхийн тулд үнийн дээд хязгаарыг давсан үнээр Москвагаас худалдан авалт хийх нь Өрнөдийн хоригоор шийтгүүлж байгаатай ижил болно гэж үзэж байна.
Сөргөлдөгч талуудын аливаа шийдвэр нь ядуу, буурай улсуудад бодит утгаараа дарамт учруулах бөгөөд ирэх онд Дэлхий дахинд 2008 оноос хойших хамгийн гүн санхүүгийн хямрал нүүрлэх нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байна.
Даваа гарагт олон улсын хөрөнгийн биржүүдийн арилжаа нээгдэх үед Brent маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 85 ам.доллар байна.