ОХУ-ын цэргийн нисэх онгоцны бааз бөмбөгдөлтөд өртсөн талаар Кремлийн эрх баригчид мэдээлэв

Украины хилээс 600 километр зайд байрлах ОХУ-ын цэргийн нисэх хүчний баазад Киевийн талаас нисгэгчгүй сөнөөгч онгоцоор халдлага үйлдсэний улмаас гурван цэргийн албан хаагч амиа алдсаныг Кремлийн холбогдох албанаас мэдээлжээ. Үүний хариуд ОХУ-ын зэвсэгт хүчин өчигдөр Украины дэд бүтэц рүү 70 орчим пуужин харваснаа цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын Батлан Хамгаалах яам Украины нисгэгчгүй сөнөөгч онгоц буюу дрон даваа гарагт Оросын цэргийн зориулалттай дэд бүтцэд хохирол учруулсан талаар мэдээлжээ. Түүнчлэн энэ халдлагын улмаас Рязань, Саратов мужид үүрэг гүйцэтгэж байсан Оросын цэргийн гурван албан хаагч амиа алдсан бөгөөд үүний хариуд Оросын тал Украины хэд хэдэн дэд бүтэц рүү мягмар гарагт 70 гаруй пуужин харвасныг Игорь Конашенков мэдэгджээ. Эдгээр халдлага гарсан бүс нутагт Орос улсын стратегийн цөмийн бөмбөг тээгч нисэх онгоцнууд байрладаг гэж шинжээчид үздэг байна. Өмнө нь Оросын Саратов дахь Энгельс нисэх хүчний баазад дэлбэрэлт болж, улмаар түймэр дэгдэж байсан ч Москвагийн эрх баригчид шалтгааныг нь тайлбарлахаас татгалзсан юм.

Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газар нутагт удаа дараа халдлага үйлдэж байгааг Москвагийн эрх баригчид буруутгаж байсан ч энэ удаагийн дроны халдлага нь илүү хол зайд, гүнд өгсөн цохилт болжээ.  Нам өндрөөр довтолсон сөнөөгч дронуудыг агаараас хамгаалах систем устгасан бөгөөд тэдгээр нь газардахдаа хоёр нисэх онгоц дээр унаж дөрвөн хүнийг гэмтээснийг Оросын Батлан Хамгаалах яамнаас мөн мэдээлжээ. Халдлага гарсан Саратов муж нь Украины хилээс 600 км зайд байрладаг. Тэгвэл Украины зэвсэгт хүчин энэ хэмжээний хол зайд довтолж чадаж байгаа нь Оросын нийслэл Москва хотод халдах боломжтой гэж цэргийн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Харин Украины эрх баригчид халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. “Оросын арми бэлтгэл сургуулилалтынхаа үеэр алдаа гаргаж Батлан Хамгаалах салбарын дэд бүтцээ сүйдлэх дөхсөн буруугаа Украины талд тохож байна” хэмээн Киевийн тэргүүн В.Зеленський онцлон тэмдэглэжээ. Мөн тэрээр даваа гарагт Оросын 70 гаруй пуужинг Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгаж чадсан гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.