Үнийн өсөлтийг бууруулж, нүүрсний хулгайн хэргийг нийтэд ил болгохыг Засгийн газраас шаардсан жагсаал гурав дахь өдрөө үргэлжиллээ. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Ардын Намын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж хурлын талаарх мэдээллийг Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн юм. Тус хуралдаанаар Улсын Их Хурал болон Засгийн Газрыг огцруулах эсэх асуудал яригдаагүй байна.
12-р сарын 5-ны өдрийн тухайд олон иргэдийг хамарсан жагсаал 18:00 цагийн үед хурцадмал байдалд шилжиж Төрийн ордны урд хэсэг рүү нэвтрэн орохыг завдсан. Иргэдийн зүгээс тавьсан шаардлага нь эрх баригчдыг гарч ирж иргэдтэйгээ уулзахыг шаардсан. Тэгвэл Монгол улсын Ерөнхий Сайд өчигдөр мэдээлэл хийсэн. Тэрээр тус мэдэгдэлдээ нүүрсний хулгайн бүлэглэлтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн.
Иргэдийн зүгээс мөн нүүрсний хэрэгт холбогдсон улс төрчдийн нэрийг шаардаж, шалгалтын ажлыг түргэсгэхийг шаардсан. Тэгвэл холбогдох этгээдүүдийг шалгаж эхэлсэн. Хууль хяналтын байгууллагын шатанд ажил удааширч байгаа талаар хэлсэн юм.
Мөн Ерөнхий Сайд мэдэгдэлдээ Парламентын төлөөлөх чадвар буурсан. Тийм учраас Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүх нийтийн дунд санал асуулга явуулж үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрч сонгодог Парламентын засаглалд шилжихэд улс төрийн зүгээс дэмжинэ. Одоогийн байгаа 76 гишүүнтэй Парламент нь төсвөө хэдхэн хэсэгт хувааж тойргийн бүтээн байгуулалтад зарцуулдаг. Эдгээр бүх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал болоод иргэдийн амьжиргааны талаар хэлэхдээ гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх ажил хийгдэж байгаа, ирэх оноос эдийн засгийн өсөлт таван хувьд хүрэх боломжтой гэж мэдээлсэн юм.