Өнгөрсөн даваа гарагт Кремлийн тэргүүн Владимир Путин Орос улсын Өмнөд хэсгийг Крымийн хойгтой холбосон гүүрэн дээгүүр "Мерседес бенз" автомашинтай зорчиж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Орос улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн төслүүдийн нэг болох Крымийн гүүрэн дээр дэлбэрэлт гарснаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн юм.
2018 онд Владимир Путины өөрийн биеэр хүрэлцэн очиж нээлтийг нь хийсэн гүүрний авто болон төмөр замын зорчих хэсгийг өнгөрсөн 10-р сарын 8-нд дөрвөн этгээд дэлбэлж сүйдэлснийг Кремлийн талаас мэдээлсэн юм. Оросын эрх баригчид хорлон сүйтгэх ажиллагааг Украины тал үйлдсэн гэж буруутгасан төдийгүй үүнийхээ хариуд Киев, Львов зэрэг томоохон хотууд руу пуужингаар буудсаар байгаа юм.
Тэгвэл өнгөосөн даваа гарагт В.Путин Шадар сайд Марат Хуснуллины хамтаар тус гүүрээр зорчиж явааг Оросын төрийн мэдлийн телевизээр дамжуулжээ. “Бид гүүрний баруун эгнээгээр явж байна. Харин зүүн эгнээ нь засагдаж байгаа гэж ойлгож байна. Үүнийг хурдан хугацаанд дуусгах шаардлагатай. Бага хэмжээний эвдрэл гэмтэл харагдаж байгааг бүрэн засварлах хэрэгтэй байна” хэмээн Кремлийн тэргүүн мэдэгджээ.
Путины 70 насны ой тохиосноос нэг өдрийн дараа буюу 10-р сарын 8-ны өглөө гүүрийг дэлбэлсэн хэргийн хариуцлагыг Украины тал хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч энэ халдлагыг Украины цэргийн тагнуулынхан зохион байгуулсан гэж Оросын холбооны аюулгүй байдлын албанаас мэдэгдсэн юм.