Мягмар гарагт Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинг хэвлэлийн бага хурлын үеэр Монгол улсад үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалтай холбоотой сэтгүүлчийн асуултад хариулт өгсөн байна. ОХУ-ын төрийн өмчит “Тасс” агентлагийн сэтгүүлч Монгол улсын иргэд эрх баригчдаа Хятад улс руу хууль бусаар нүүрс экспортолсон, авлига авсан, экспортын нүүрс хулгайлсан гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа үйл явцын талаар Хятадын Гадаад хэргийн яамнаас тайлбар мэдээлэл өгөхийг хүссэн юм.
Үүнтэй холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Сэтгүүлч таны хэлсэн зүйлийн нарийн шалтгааныг би ойлгохгүй байна. Хятад улс найрсаг хөршийн хувьд Монгол улсын Засгийн газар хэргийг сайтар шалгаж, шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна. Хэрэв Монгол улс уг асуудлаа шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх хүсэлт гаргавал БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд холбогдох хууль, журмын дагуу шаардлагатай тусламж үзүүлэх болно” хэмээн мэдэгджээ.
Сүүлийн үед ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол улсын дотоод асуудлыг ихээр дэлгэн хэвлэн нийтлэх болсон байна. 2023 оноос гурван улсыг холбосон байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил эхлэх хэдий ч Монгол улс газар нутгаараа дамжин өнгөрүүлэх эрчим хүчний дэд бүтцээс орлого олж чадах эсэх нь эргэлзээтэй байгааг шинжээчид онцолж байна. ОХУ олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж хөрш Украин руу халдан довтолсон, мөн тус улсын эрчим хүчний компаниуд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж, ядуу буурай улс орнуудыг хохироосоор байгаа нь гурван улсыг холбосон дэд бүтцийн төслийн ялагч зөвхөн Орос, Хятад 2 улс байх болно гэж шинжээчид үзэж байна.