Манай улсад газар хөдлөлтийг бүртгэх 100 гаруй станц байдаг бол үүнээс 30 гаруй нь Улаанбаатар хотын ойр орчимд байдаг байна. Эдгээр станцууд газар хөдлөлтийг мэдэрсний дараах баллын хэмжээ их бол холбогдох албаныхны зүгээс иргэдэд дуут дохио болон телевизээр дамжуулан мэдээлдэг байна.
Манай улсад энэ он гарсаар 49.000 гаруй удаа газар хөдлөлт болжээ. 2021 онд Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлт нь сүүлийн 10 гаруй жил тохиолдоогүй аюулт үзэгдэл болсон. Энэ нь 2021 оны Дэлхийн хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэгээр бүртгэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлт болсон газар давтан газар хөдлөлт болох магадлал өндөр байдаг. Тиймээс газар хөдлөлтийг мэдрэх станцын тоог нэмэх шаардлагатай байна.
Байгалийн гамшигт үзэгдэл ойрхон давтагддаг Япон улсын иргэд газар хөдлөлтийн үед маш тайван хандаж, ямар арга хэмжээ авах талаар сайн мэддэг. Бага сургуульд байхаас нь хичээлийн хөтөлбөрт нь оруулж, сургаж төлөвшүүлсэн нь гэнэтийн аюул ослын үед өөрийгөө хамгаалах давуу тал болдог байна. Манай улсын хувьд ч мөн гэнэтийн ямарваа аюул ослоос өөрийгөө хамгаалах мэдээллийг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй.
Хавтангуудын хөдөлгөөнөөс гадна хүний хүчин зүйлээс шалтгаалж газар хөдөлж болдог. Жишээлбэл, газрын тос олборлодог хэсэгт газар хөдлөлтийн тоо, хүч ихсэх тохиолдол байдаг.