Иргэн: Бид Ерөнхий сайдаас тодорхой мэдээлэл авч чадаагүй

Нүүрсний хулгайн хэргийг ил болгох, үнийн өсөлтийг буулгах зэрэг шаардлагууд тавин иргэд төв талбайд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Өчигдөр Монгол улсын Засгийн газрын төлөөллүүд  жагсагчидтай  уулзаж, тэдний тавьсан  шаардлагын дагуу арга хэмжээ авна гэдгийг хэллээ.

Монгол улсын Ерөнхий сайд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн бол өнөөдөр жагсагчдын өмнө гарч тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Ерөнхий сайдын зүгээс нийгэмд тулгараад байгаа, он удаан шийдэгдээгүй бугшсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдийн дэмжлэг чухал байгааг онцолсон юм.

Тэгвэл жагсагчдын зүгээс Ерөнхий сайдын мэдээлэл хангалтгүй, жагсагчдын тавьсан асуудлуудад тодорхой хариулт өгөөгүй гэж үзэж байна. Түүнчлэн бугшаад буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол ажлаа өгөхийг Ерөнхий сайдаас шаардлаа..

Засгийн газраас жагсагч иргэдийн төлөөллийг нүүрсний хулгайн асуудал дээр ажиллах ажлын хэсэгт орохыг урьсан. Гэвч өчигдрийн байдлаар иргэдийн зүгээс тус ажлын хэсэгт орох иргэдийн нэрс тодроогүй. Мөн УИХ, Засгийн газар, хууль хүчний байгууллага нийлсэн нийт гурван ажлын хэсэг нүүрсний хулгайн гол эздийг тодруулахад хамтран ажиллахаар болсон юм.