Ням гарагт Киевийн тэргүүн Володимир Зеленський АНУ–ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярих үеэрээ “Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Украины талд үзүүлж байгаа урьд хожид байгаагүй тусламжид нь талархаж байгаагаа” Цагаан ордны удирдлагуудад илэрхийлжээ. Тэрээр “АНУ-аас Украинд үзүүлж байгаа Батлан хамгаалах салбарын зэр зэвсэг болон санхүүгийн тусламжид талархаж байна. Энэ нь дайны талбарт ялалт байгуулахад томоохон түлхэц үзүүлэхээс гадна Украины эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжиж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.
Сүйдсэн Украины эрчим хүчний дэд бүтцийг сэргээн засварлахад туслалцаа үзүүлж байгааг Киевийн тэргүүн онцолжээ. Дайн эхэлснээс хойш Украины эрчим хүчний байгууламжуудын 50 орчим хувь нь эвдэрч сүйдсэн төдийгүй тус улсын 10 сая хүн цахилгаан, дулаанаас тусгаарлагдаад байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
АНУ-ын Төрийн Департамент хоёр улсын төрийн тэргүүний утсаар хэлэлцсэн асуудлуудын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ч ирэх долоо хоногт АНУ-ын ээлжит 500 сая америк долларын зэр зэвсгийн тусламжийн багц Украинд газардана гэдгийг цохон тэмдэглэжээ.
Үүнээс гадна туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Орос, Украины төрийн тэргүүн нартай хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний талаар ням гарагт хэлэлцжээ. Украины боомтуудаас үр тариа экспортлох тухай гэрээнд Турк улс НҮБ-ын хамтаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Москвагийн тал хүнс, бордооны экспортдоо илүү баталгаа эрэлхийлж байгаа бол Киев тээврийн зориулалтаар нээх Украины боомтуудын тоог нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгааг ажиглагчид онцолж байна.
Р.Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсныхаа дараа, “бид дайныг нэн даруй зогсоохыг уриалснаас гадна Кремль Хар тэнгисээр дамжуулан илүү их хүнсний бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэх боломжтойг дуулгалаа” хэмээн мэдэгджээ. Украины ерөнхийлөгч В.Зеленський Туркийн төрийн тэргүүний санаачилгыг сайшаасан бөгөөд үр тарианы гарцыг нэмэгдүүлснээр ядуу буурай улс орнуудын өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдийн зовлонг нимгэлнэ гэж хэлжээ.