АНУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнууд ирэх долоо хоногт БНХАУ-д айлчилна

АНУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнууд ирэх долоо хоногт Хятад улсад айлчилж, ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын саяхан хийсэн хэлэлцээний асуудлаар санал солилцохоор болжээ. Мөн Цагаан ордны төлөөлөгчид ирэх оны эхээр төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятад улсад хийх айлчлалын бэлтгэл хангана гэж Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдэгджээ.

Хятад улс дотооддоо эдийн засгийн сорилттой нүүр тулж, Ази тив дэх тууштай дипломат бодлогын нөлөөллөө алдаж байгаа тул АНУ-тай богино хугацаанд харилцаагаа тогтворжуулахыг эрмэлзэж байна гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Даниэль Критенбринк, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хятад, Тайванийг хариуцсан ахлах захирал Лаура Розенбергер нар энэ сарын 11-14-ний өдрүүдэд Хятад, Өмнөд Солонгос, Япон улсад тус тус айлчилна гэж Төрийн Департаментын мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн 11-р сарын дундуур Индонез улсын Бали аралд болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Тайвань, Хойд Солонгосын асуудлаар хэлэлцээ хийсэн нь Америк, Хятадын харилцаа хурцадсан энэ үед шинэ хүйтэн дайны эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилготой байсныг талууд онцлон мэдэгдэж байгаа юм. Шинжаан Уйгур дахь хүний эрхийн нөхцөл байдал, Оросын эзлэн түрэмгийлэл, олон улсын эдийн засгийн асуудлаарх санал зөрөлдөөн хурцадсан энэ үед ойр ойрхон харилцаа тогтооно гэдгээ хоёр улсын удирдагчид мөн амласан юм. 

“Цагаан ордны төлөөлөгчид хоёр улсын чөлөөт өрсөлдөөний асуудлаар болон цаашдын хамтын ажиллагааны боломжит салбаруудыг судлах" зорилгоор айлчлал хийж байгаа төдийгүй Энтоний Блинкений Хятад улсад хийх айлчлалын үндэс суурийг тавина гэж Төрийн Департамент мэдэгдэлдээ онцолжээ. Энтони Блинкен 2023 оны 1-р сарын 4-нд БНХАУ-д айлчлал хийх төлөвтэй байгаа төдийгүй Ши Жиньпин, Ли Көчян нарт бараалхах юм байна.