Манай улсад 20-р зууны эхээс урлаг судлал хөгжсөн гэж үздэг байна. Гэвч 1990-ээд оноос урлаг судлалын, тэр дундаа Дүрслэх урлагийн салбарын хөгжилд чухал үүрэгтэй судлаачдын залгамж халаа, хүний нөөцийн тоо өсөхгүй байгааг тэдний төлөөлөл хэлж байна.
Өнөөдөр дэлхийн судлаачид Монгол зураачдын бүтээлийг сонирхож байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2022 оны Венецийн Дүрслэх урлагийн Олон улсын Биеннальд Монгол зураачийн бүтээл 300 гаруй бүтээлээс шилдэг 10-т шалгарсан юм. Гэсэн ч дэлхийд Монгол улсын дүрслэх урлагийг таниулахад уран бүтээлчдийн чанар чансаанаас гадна урлаг судлаачаар мэргэшсэн мэргэжилтнүүд чухал байна.
Дэлхийн бусад улсуудын адил манай улсад ч бас урлаг судлал шинжлэх ухаантай хамт хөгжинө гэдгийг судлаачдын төлөөлөл хэлж байсан юм. Нөгөө талаас урлаг судлаачид хоорондын уялдаа холбоо тааруу байгаа нь дүрслэх урлаг судлал хөгжихгүй байгаагийн нэгэн шалтгаан байна.
Урлаг судлаач хөгжсөнөөр манай улсын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төлөөлөл болсон дүрслэх урлагийн салбар бүтээлээрээ ч тэр, эдийн засгийн хувьд ч өсөж дэвших боломжтой байна.