БНХАУ-ын эрх баригчид хорио цээрийн хатуу дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өрнөснөөс хойш долоо хоногийн дараа буюу өнгөрсөн лхагва гаргаас эхлэн “Тэг ковид” бодлогоо албан ёсоор цуцлах шийдвэр гаргалаа. Лхагва гаргаас эхлэн “Ковид-19”-ийн халдвараар хөнгөн өвдсөн иргэн, шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүд заавал тусгай эмнэлэгт бус гэртээ тусгаарлагдах боломжтой болжээ.
Мөн Хятадын иргэд улс дотроо зорчих үедээ вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөх шаардлагагүй, чөлөөтэй аялж, зорчих боломжтой болсныг тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Хятад улсын эрх баригчдын гаргаж байгаа гэнэтийн өөрчлөлт нь “Тэг ковид” бодлогоосоо татгалзаж, дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил вирусийн халдвартай дасан зохицох стратеги хэрэгжүүлж эхэлснийг харуулж байна. Лхагва гарагт тус улсын маш олон иргэд хязгаарлалтын чанга хатуу дэглэмийг цуцалсанд баярлаж, талархаж байгаагаа цахим хуудастаа илэрхийлж байна.
Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос нийтэлсэн захирамжид сургууль, эмнэлэг, асрамжийн газарт нэвтрэхээс бусад тохиолдолд PCR шинжилгээний сөрөг хариу шаардахгүй, зарим бүс нутагт вирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хөл хорионы дэглэмийг хот, хорооллыг бүхэлд нь бус, зөвхөн тодорхой барилга, барилгын давхрыг хамруулна. Мөн хөл хорионд хамрагдсан бүсэд таван өдрийн дотор шинэ халдвар нэмж илрээгүй бол хязгаарлалтыг эрх баригчдын зөвшөөрөлгүй цуцлах зэрэг журмуудыг танилцуулжээ.
Цаашдаа Хятадын эрх баригчид вирусийн халдвартай тэмцэхийн тулд дархлаажуулалтын хөтөлбөрт анхаарлаа хандуулна гэдгээ цохон тэмдэглэжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн хязгаарлалтын дэглэмийн улмаас Хятад улсын эдийн засгийн өсөлт саарсан төдийгүй өрхийн санхүүгийн чадварт үлэмж хэмжээгээр нөлөөлж байгааг шинжээчид мэдээлж байсан юм. Улмаар өнгөрсөн 11-р сарын 25-нд Хятад улсын иргэдийн бухимдал дээд хязгаартаа хүрч, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь ийнхүү үр дүнгээ өгчээ.