Эрх баригчдын мэдээлж буй нүүрсний тоо, хэмжээ хоорондоо ихээр зөрж байна

Таван өдрийн турш жагсаж байгаа иргэдийн жагсаал нь 2013 оноос хойш Тавантолгой нүүрсний ордоос хулгайлагдсан нүүрсний асуудлаас үүдэлтэй гэж хэлж болно. Хамгийн анх Тавантолгойн нүүрсний ордоос ихээхэн хэмжээний нүүрс алдагдаж байна гэж УИХ-ын гишүүн асан Л.Энхболд мэдэгдэж байсан. Тухайн үедээ нүүрсний хулгайг 260 орчим мянган тонн гэж байсан бол одоогийн УИХ-ын зарим гишүүдийн мэдээлснээр хулгайлагдсан нүүрсний хэмжээ 6.5 сая тонн-д хүрээд байгаа юм.

Нүүрсний хулгайн хэрэг сөхөгдөж эхэлснээс хойш эрх баригчдын зүгээс иргэдэд зөрүүтэй тоо мэдээлэх болсон юм. Хамгийн анх 2018 онд УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нүүрсний хулгайн асуудлыг чуулганы танхимд дэлгэж байсан бөгөөд 2013-2017 оны хооронд 268 мянган тонн нүүрс алга болсон хэмээн мэдээлж байсан юм. Энэ нь тухайн үеийн ханшаар 60 орчим тэрбум төгрөг болж байсан

2022 оны дөрөвдүгээр сард Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол улс сүүлийн 17-20 жилийн хугацаанд зарж буй нүүрсний тонн тутамд 60-70 америк доллар алдаж байна” гэж мэдэгдэлдээ онцолсон юм. Уг хэргийг илрүүлэх ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулагдсан.

2022 оны 11-р сарын 17-нд УИХ-ын гишүүн Т.Доржханд “ЭТТ” ХК-аас 6.5 сая тонн нүүрс алдагдаж улсад 40 их наяд төгрөгийн алдагдал учруулсан. БНХАУ болон Монгол улсын гаалийн мэдээлэл хоорондоо зөрж байгаа гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийсэн.

Нүүрсний хулгайн хэрэг нийтийн анхаарлыг ийнхүү татаж үүний дараагаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 12-р сарын 1-нд мэдэгдэлдээ УИХ-ын гишүүн Т.Доржхандын өгсөн мэдээлэл дэгсдүүлсэн гэж онцолсон. Цар тахлын үеэр жилд 6-7 сая тонн нүүрс экспортолж байсан. Тийм хэмжээний нүүрсийг улсын хилээр алдсан байх боломжгүй гэж мэдэгдсэн. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онц байдлыг зургаан сарын хугацаанд тогтоосон. Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат энэ сарын 2-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ 268 мянган тонн нүүрсийг нягтлан бодох балансын тайланд бүртгээгүй гэж мэдэгдсэн юм.

2022 оны 12-р сарын 4-ний өдөр иргэд үнийн өсөлт болон нүүрсний хулгайд холбогдсон улс төрчдийг нийтэд зарлахыг шаардсан  жагсаал өрнөсөн. Улмаар даваа гарагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн хэрэгт “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, АПУ ХК-ийн захирал П.Батсайхан, Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нарыг холбогдсон гэж мэдэгдсэн юм. 

Үүний дараагаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг хойшлуулшгүй журмаар “ЭТТ” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг баривчилсан. Захирлаар ажиллах явцдаа өөртөө давуу байдал бий болгосон. Түүнчлэн “Хишиг Арвин Индустриал” компанийн захирал Б.Хишигдорж, тус компанийн өөр хоёр захирлыг баривчилсан юм.

Прокурорын байгууллагын өгсөн мэдээллээр нүүрсний хулгайтай холбогдуулан 21 хэрэгт 40 гаруй хүнийг шалгаж байгаа бөгөөд 8 хүнийг саатуулаад байгаа юм.