Төв талбайд 5 дах өдрөө үргэлжилж байгаа жагсаал цуглааны үеэр хамгаалалтад зогссон цэрэг, цагдаагийн алба хаагчид зуны гуталтай байсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Засгийн газрын тогтоолоор цэргийн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа бэлтгэл үүрэгтний хувцас хэрэглэлийн нормд зааснаар бол хиймэл үстэй захтай дулаан дотортой хувцас зэргээр хангана гэж журамласан байдаг байна.
Иргэд, жагсагчидтай зэрэгцэн хууль, хүчний байгууллагын алба хаагчид өвлийн хүйтэнд, өдөрт багадаа 6 цагийн хугацаанд зогсож өнгөрүүлж байгаа юм. Ингэхдээ харуулын албаныхан ээлжгүйгээр хамгаалалтад гарч байгаа юм. Өвлийн хүйтэнд хөдөлгөөнгүй зогсож байгаа учир иргэдийн адил даарч байгаагаа ярьсан юм.
Харин жагсагчдын зүгээс цагдаа хүчний албан хаагчдын хувцас хэрэглэлд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Томоохон албан тушаалтан дарга нар нь алба хаагчдынхаа бүтэн жилийн цалинтай тэнцэх хэмжээний өртөгтэй малгай өмссөн байгааг шүүмжилж байсан юм.
Мөн зарим иргэд хэлэхдээ хувцас хэрэглэл дээр хүртэл дарга нарын мөнгө завшдаг нь илэрхий харагдаж байгаа гэдгийг онцолж байсан юм. Цагдаагийн удирдах албан тушаалтнуудын малгай хүрэмийн заханд ашигладаг кракул хурганы арьсыг импортоор авдаг бөгөөд дунджаар 2 сая орчим төгрөгөөр үнэлэгддэг гэж зарим эх сурвалжууд дурджээ.