Их Британи улсын эрх баригчид гангийн үйлдвэрлэлд ашиглах бохир түлш буюу нүүрсний гүний уурхайд олборлолт явуулах зөвшөөрлийг гучин жилийн дараа дахин олгосон байна. Уур амьсгалын өөрчлөлтийн гол буруутан гэгдэх хүлэмжийн хийг бууруулахын тулд Их Британийн эрх баригчид нүүрсний уурхайн ашиглалтыг бууруулж, лиценз олголтыг зогсоогоод байсан юм.
Гэхдээ эрчим хүчний хомсдолд орох эрсдэлээс зайлсхийхийн тулд бохир түлшээ дахин ашиглахад хүрч байгааг шинжээчид онцолжээ. Украины дайнаас үүдэн ОХУ-ын удирдлагууд Барууны орнуудад байгалийн хий нийлүүлэлтээ зогсоох, барьцаалах эрсдэл үүсээд байгаа юм. Нөгөөтээгүүр Орос улсаас эрчим хүчний хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд Өрнөдийн улсууд бодлогын өөрчлөлт гаргаж эхэлснийг хэвлэлүүд мэдээлж байна.
Тэгвэл Английн Камбрия хотод байдаг нүүрсний уурхай нь Их Британи төдийгүй дэлхий дахинд гангын үйлдвэрлэлд голчлон ашигладаг коксжих нүүрс олборлох боломжтой байна. Уг уурхайд олборлолт явуулснаар коксжих нүүрсний эрэлт буурч, ажлын байр нэмэгдэнэ гэж тус улсын эрх баригчид үзжээ. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтынхоо эсрэг алхам хийснийг иргэд нь шүүмжилж байгааг Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Нүүрс нь байгалийн хийгээс хоёр дахин ихээр байгаль орчныг бохирдуулдаг төдийгүй 1950-аад онд Лондон хотын иргэд нүүрсэнд хордож ихээр амиа алдсан гашуун түүхийг тус улсын иргэд ярьж байна. Тус уурхайгаас олборлосон коксжих нүүрсийг Их Британийн гангын үйлдвэрт ашиглахаас гадна Европын улсуудад экспортлох зорилготой байна. Эрх баригчид уурхайг 2049 он хүртэл ашиглах зөвшөөрөл өгсөн бөгөөд 500 ажлын байр бий болох тооцоо гарчээ.