Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 4 хүн тутмын 1 нь ажлаа солих шалтгаанаа цалин багатай холбоотой гэжээ

2019 онд Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манай улсын сэтгүүлчид ажлын ачаалал өндөртэй ч харьцангуй бага цалин хөлстэй, ирээдүйн баталгаа султай нөхцөлд ажиллаж байгаа үр дүн гарчээ. Харин энэ онд хийсэн түүвэр судалгаагаар нийт 300 гаруй хүн оролцсон бөгөөд ажлын цалин, хөлс бага мөн илүү цагаар ажиллаж байгаа нь хэвээр байгаа нь тогтоогдсон байна.

2019 онд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад өдөрт дунджаар 9.1 цаг ажиллаж, татварын дараах байдлаар 664.000 төгрөгийн цалин авч байжээ. Харин 2022 онд 9 цаг ажиллаж, цалингийн дундаж ердөө 15-20 хувиар л нэмэгдсэн байна. Энэ нь хөдөлмөрийн тухай хуульд зааснаар илүү 1 цагаар ажиллаж байгаа юм.

Судалгаагаар хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 61 хувь нь ажлын байраа салбар дотроо ямар нэг байдлаар сольсон, 4 хүн тутмын 1 нь ажлаа солих шалтгаанаа цалин багатай холбоотой гэсэн байна. Үүнээс харвал хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын цалин бага, илүү цагаар ажилдаг нь улсын дундаж цалин, орлогын  хэмжээнд хүрэхгүй байна.