ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн 12-р сард зохион байгуулдаг уламжлалт хэвлэлийн хурлаа энэ удаа хийхгүй гэж мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Хэвлэлийн хурлыг шинэ он гартал хийхгүй” хэмээн даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Тэрбээр В.Путинийг хэвлэлийнхэнтэй харилцахаас зайлсхийхгүй гэдгийг хэлсэн байна. Мөн "Ерөнхийлөгчид сэтгүүлчидтэй харилцах боломж олдсон хэвээр байна гэж найдаж байна. Тэрбээр сэтгүүлчидтэй байнга харилцаатай байдаг, тэр дундаа гадаадад хийх айлчлалынхаа үеэр" гэж Д.Песков сэтгүүлчдэд мэдээлсэн байна. В.Путин он дуусахаас өмнө Холбооны улсын хуралд илгээлт тавих эсэхийг асуухад "Үүнийг тодруулах шаардлагатай" гэж түүний хэвлэлийн төлөөлөгч хариулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч 2001 оноос хэвлэлийнхэнтэй хэвлэлийн том хурал зохион байгуулах хэлбэрээр уулзаж эхэлсэн бөгөөд 2012 оноос хурлаа 12 дугаар сард зохион байгуулдаг болжээ. В.Путиний жил бүр хийдэг хэвлэлийн хурлыг 2005 онд л ганц удаа цуцалж байсан. Мөн 2009-2011 онд түүнийг Засгийн газрыг тэргүүлж байх үед болоогүй тус хурал болоогүй байна. Өнгөрсөн онд тэрбээр уламжлалт хэвлэлийн хурлаа 12 дугаар сарын 23-нд хийж байсан байна.