Их Британийн Солихалл хотын төв дагуу урсах нуурын ус бүрэн хөлдөж амжаагүй байгаатай зэрэгцэн энэ сарын 10,11-нд их хэмжээний цас орсон байна. Үзэгдэх хэсэг хязгаарлагдмал болоод байсан энэ үед буюу өнгөрсөн даваа гарагт гурван бага насны хүүхэд тус нууран дээр зорчих үед мөс цөмөрснөөр тэд усанд живж, амиа алдсан тул Их Британи даяар эмгэнэж байна.
Нуурын мөс цөмөрсний улмаас хөвгүүдийн нэг нь эхлээд усанд унасан байна. Харин түүнийг аврахаар араас нь хоёр найз нь орсон ч гурвуулаа эндсэн талаар дээрх болсон явдлыг хөндлөнгөөс харсан 10 настай хүү Томми Барнет ярьсан байна. Түүнчлэн өөр нэг зургаан настай хүү найзыгаа аврахаар гүйж байгаад нуурын өөр хэсэгт дахин мөс цөмөрсний дараа живсэн байна. Азаар аврагчид зургаан настай хүүг аварч эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал нь хүнд байгаа талаар “Daily mail” агентлаг мэдээлжээ.
Нуурын уснаас хүүхдүүдийг татан гаргах ажиллагаа явуулсны дараа эмнэлгийн шуурхай тусламж үзүүлсэн ч гурван хүүгийн зүрх хэдийн зогссон байсныг Солихалл хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Тэдгээр хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүд нууран дээр тоглож байсан гэж таамаглаж байгаа бөгөөд зуны улиралд тэд тогтмол тус газарт цагийг өнгөрүүлдэг байсан талаар ярьсан байна. Түүнчлэн зарим эх сурвалжууд нийт зургаан хүүхэд усанд унаж эндсэн байж болзошгүй гэж үзэж байгаа ч хуулийн байгууллага сүүлийн 48 цагийн хугацаанд эрэн хайх ажиллагаа явуулсны эцэст өөр ийм тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгджээ.