Нийслэлийн хэмжээнд хүүхдэд зориулсан төлбөртэй сургалт явуулдаг 200 гаруй сургалтын төв бүртгэлтэй байна. Гэвч тэдгээрийн дийлэнх нь хотын төв буюу Зүүн 4 замаас 1-р хорооллын хооронд байрладаг тул хотын захын дүүргүүдэд амьдардаг хүүхэд хүссэн сургалтандаа хамрагдаж чадахгүй байгаа юм. Хамрагдсан ч төлбөрийн хувьд өндөр байдаг гэж эцэг эхчүүд хэлж байна.
Хүүхдэд зориулсан сургалтын төвүүдийн дундаж төлбөр 300 мянгаас 400 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Мөн байршлын хувьд ихэнх нь хотын төвд үйл ажиллагаа явуулдаг тул эцэг эхчүүд хүүхдээ зөөхөд хүндрэлтэй байх асуудал тулгардаг байна.
Тэгвэл нийслэлд төрийн санхүүжилтээр хүүхдэд зориулсан сургалтын үйл ажиллагааг төлбөргүй явуулдаг нэг л байгууллага байгаа нь Монголын Хүүхдийн урлан бүтээх төв. Энэ байгууллага уран зураг, гар урлал, сүрлэн сүлжмэл гэх мэт 21 төрлийн ангид 2-оос 12-р анги хүртэлх насны 2000 гаруй хүүхдийг сургадаг байна. Гэвч нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 63,377 хүүхэд ЕБС-д суралцаж байна.
Хэдийгээр хүүхэд бүр сургуулиас гаднах сургалтад хамрагдах албагүй ч соёл урлагийн дугуйланд хамрагдах нь зүүн тархийг хөгжүүлдэг байна. Мөн ЮНЕСКО-с гаргасан судалгаагаар хүүхдийн сургалтад зориулсан 1 доллар нь буурай оронд тухайн хүний орлогыг 5 доллароор, дундаж орлоготой хүний орлогыг 2.5 доллароор жил бүр өсгөхөд шууд нөлөөлдөг байна.