Монгол улсын хэмжээнд 16 кино театр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр кино театруудын түгээж байгаа бүтээлд Монгол киноны эзлэх хувийг тодорхойлох зорилгоор Кино урлагийн зөвлөл театруудтай хамтран долоо хоног бүрийн дотоод болон гадаад кино үзэлтийн статистик мэдээллийг хүргэж эхэлжээ.
2015 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 5 сарын хугацаанд анх удаа кино борлуулалтын мэдээллийг гаргаж байжээ. Үүнээс өмнө болон энэ оныг хүртэлх хугацаанд Монгол улсад хичнээн кино нээлтээ хийсэн, хэр их хүн үзсэн гэх албан ёсны тоон мэдээлэл гарч байгаагүй.
Тэгвэл 2022 оны 6-р сарын 20-нд Соёлын сайд кино түгээлтийн мэдээлэл гаргах журмыг баталснаар 9-р сард Кино урлагийг дэмжих сангийн систем ашиглалтад оржээ. Системээр дамжуулан нийслэлийн 6 театрын 9 салбар, орон нутгийн 7 театраас кино түгээлтийн мэдээллийг авч эхэлсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд кино түгээлтийн статистик мэдээлэлтэй болж байна. Мөн уран бүтээлчид кино контентоо ямар сувгуудаар хэрхэн түгээх, яаж ашиг орлогоо олох вэ гэх судалгаанд кино түгээлтийн мэдээлэл ач холбогдолтой гэж үзэж байна.
Кино түгээлтийн мэдээлэл гаргах журамд мэдээллийг хууль тогтоомжид заасан судалгаа хийх, бодлого тодорхойлох, дэмжлэг үзүүлэх зориулалтаар ашиглана гэж тусгажээ. Мөн кино театруудаас гадна хувь уран бүтээлч, студи продакшнууд орон нутгаар кино түгээсэн мэдээллээ өгөх боломжтой юм байна.