Европын холбоо 2024 оноос эхлэн бүх төрлийн ухаалаг төхөөрөмж, гар утсыг нэг төрлийн цэнэглэгч ашиглахыг шаардана

Европын холбооны улсуудад  2024 оны 12-р сарын 28-аас эхлэн бүх төрлийн ухаалаг төхөөрөмж, гар утаснуудад нэг төрлийн цэнэглэгч хэрэглэх шаардлага тавихаар болсон байна. Өмнө нь Европын холбооны эрх баригчид ухаалаг төхөөрөмжүүдийг “USB TYPE-C” төрлийн холболттой цэнэглэгчтэй болгох тохиролцоонд хүрээд байсан юм.

Европын холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэн холбогдох баримт бичигт өгүүлснээр дээрх шаардлагыг биелүүлэх огноог тодорхой болгожээ. Ийнхүү “APPLE” тэргүүтэй ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд дээр дурдсан хугацаанд холболтын төрлөө өөрчлөөгүй тохиолдолд Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүн худалдаалах боломжгүй болно гэжээ. “APPLE” компани нь зарим бүтээгдэхүүндээ тусгайлан тохируулсан цэнэглэгч болон холболт ашигладаг хамгийн том үйлдвэрлэгч юм. Тухайлбал, “IPHONE”-ийн цуврал ухаалаг гар утаснууд нь өөрийн тусгай цэнэглэгч ашигладаг байна. Тэгвэл тус компанийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Европын холбооны сэтгүүлд нийтлэгдсэн баримт бичигтэй холбогдуулан ийнхүү мэдэгджээ. Тэрээр Европын холбооны технологийн шинэчлэл, инновац, өрсөлдөөнийг зогсоосон уг шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ тэрээр компанийн удирдлагууд Европын томоохон зах зээлийн борлуулалтаа алдахгүйн тулд хууль дүрмийг дагаж мөрдөнө гэдгээ цохон тэмдэглэсэн байна. Шинэ дүрэмд “гар утас, таблет, чихэвч, гар утасны тоглоомын консол зэрэг жижиг, дунд оврын зөөврийн цахилгаан хэрэгсэл"-үүд хамрагдана.