АНУ-ын Калифорни муж дахь “Лоуренс Ливермор”-ын Үндэсний лабораторийн цөмийн нэгдэх урвалыг судалж байгаа эрдэмтэд нар болон бусад оддыг гэрэлтүүлдэг эрчим хүчийг лабораторид бүтээх чиглэлд томоохон дэвшил гаргаснаа мэдэгджээ. Эрдэмтэд цөмийн нэгдэх урвалыг ашиглан хязгааргүй, цэвэр эрчим хүч үйлдвэрлэхээр зорьж байгаа төдийгүй туршилтууд үр дүнгээ өгч эхэлснийг мягмар гарагт албан ёсоор мэдээлжээ.
Эрдэмтэд нар болон бусад оддыг гэрэлтүүлж байгаа цөмийн урвал нь ирээдүйд асар их хэмжээний эрчим хүчний эх үүсвэр болно гэдгийг урт хугацаанд судалж, туршилтууд явуулсан ч төдийлөн үр дүн гарахгүй байсаар өдийг хүрчээ. Харин мягмар гарагт эрдэмтэд энэ чиглэлд түүхэн дэвшил гаргаснаа мэдээлжээ. Эрдэмтэд цөмийн нэгдсэн урвалыг бий болгоход зарцуулснаасаа илүү их эрчим хүчийг туршилтынхаа үеэр үйлдвэрлэж чаджээ.
Цагаан ордны шинжлэх ухааны зөвлөлийн гишүүдийн мэдээлснээр "энэ бол баталгаажсан боломж, шинжлэх ухааны чухал үе шат, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг бодитоор бий болгох гайхалтай жишээ юм” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Хэрэв цөмийн нэгдэх урвалыг өргөн хүрээнд ашиглаж эхэлбэл чулуужсан түлш буюу нүүрс шатааснаас үүдэлтэй агаарын бохирдол, хүлэмжийн хий болон цөмийн цахилгаан станцуудаас бий болж байгаа цацраг идэвхт бодисын хог, хаягдлаас ангижирч цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих боломжтой гэдгийг эрдэмтэд цохон тэмдэглэжээ. Одоогоор дэлхий дахинд цөмийн хуваагдах урвалыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь цацраг идэвхт бодисын хог хаягдал ялгаруулж байгаа тул ирээдүйд ноцтой хор хөнөөл учруулна гэдгийг эрдэмтэд тогтоогоод байгаа юм.
Товчхондоо эрдэмтэд дэлхий дээр өөрийн нарыг бий болгохоор зорьж байгаа бөгөөд уг туршилтаар үүнийг бодит гэдгийг нотолж чадлаа гэж хөндлөнгийн судлаачид мэдээлжээ.
Дээрх туршилтдаа эрдэмтэд жижиг капсултай ус төрөгчийг 192 ширхэг лазерын үүсгүүрээр хайлуулах аргаар цельсийн 100 сая хэм хүртэл халааж, дэлхийн агаар мандлын даралтаас 100 тэрбум дахин их даралт үүсгэжээ. Харин дараагаар нь капсул дотор устөрөгчийн атомуудад нэгдэх урвал явагдаж эхэлсэн төдийгүй их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж эхэлснийг эрдэмтэд тайлбарлажээ. Ялгарсан эрчим хүчний хэмжээ нь 20 тогоо халуун усыг хангалттай буцалгах хэмжээний байсныг тогтоожээ. Уг туршилтыг гүйцэтгэхийн тулд 3.5 тэрбум ам.доллар зарцуулжээ.