Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сараас төлж эхэлнэ

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулж  хэлэлцэх товтой байгаа. Тодруулбал, 8 хувиар хэвийн төлөгдөж байсан ипотекийн зээлийн хүүг 6 хувь руу шилжүүлэхээр яригдаж байна. Тэгвэл эдийн засагчдын зүгээс төсвийн зарлага орлогоосоо давсан энэ үед энэхүү шийдвэр нь эдийн засагт дарамт болно гэж үзэж байна.

  • Зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг нэг жилийн 8 хувийн хүүтэй олгосон байна.
  • Харин 2020 оноос эхлэн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулснаар ипотекийн зээл авсан иргэний тоо өсөж, 2021 он гэхэд 13.292-т хүрч, 1 их наяд төгрөгийн зээл олгожээ.
  • Энэ оны эхний 11-р сарын байдлаар ипотекийн зээлийг нийт 6.469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийг олгожээ. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн төлөлтийг хойшлуулж эх үүсвэр нь хумигдаж, зээл олгох нь удааширсан ч энэ оноос эхлэн ипотекийн зээл олголт өмнөх жилүүдтэй ижил хэмжээний түвшинд очиж байна.
  • Тэгвэл 2013-2020 оны хооронд 8 хувьтайгаар ипотекийн зээл авсан иргэдийн зээлийн хүүг 6 хувь руу шилжүүлэх, мөн шинээр зээл авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.

Ипотекийн зээлийн хүүг 2 хувиар хүүг багасгаж байгаа нь төсөвт ямар нэгэн дарамт болохгүй гэж барилга хот байгуулалтын дэд сайд хэлж байна. Тэрээр энэ нь зээл төлж буй иргэдийн төлбөрөөс шууд хасагдана гэсэн юм.

2020 он хүртэл ипотекийн зээлийн 8 хувийн хүүтэй төлөлт хэвийн үргэлжилж байсан тул эдийн засгийн хүндрэлтэй энэ үед засгийн газрын оролцоотой хүүг бууруулж байгаа нь цагаа олоогүй шийдвэр гэж эдийн засагч үзэж байна.

Энэ шийдвэр засгийн газрын хуралдаанаар орж дэмжигдвэл 8 хувийн хүүтэй ипотекийн зээл төлдөг иргэдэд очих дарамтыг багасгах ч нөгөө талаас эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтэн үзэж байгаа юм. Улмаар энэ нь цаашдаа орон сууцны үнийг ихэсгэх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байна.