Иргэдийн тавьсан шаардлагын дагуу эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж торгох ялыг хасахаар болжээ

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар жагсагч иргэдийн тавьж буй шаардлагын дагуу дараах хуулиудад өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. Үүнд Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой заалтуудыг өөрчилж, авлига албан тушаалын гэмт хэргийг өршөөл, уучлалд хамруулахгүй байх заалтыг тодотгосон байна. Түүнчлэн эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд торгох ял оногдуулах боломжгүй болж, торгох ялыг бүхэлд нь байхгүй болгохоор болсон байна.

Иргэдийн тавьсан шаардлага үр дүнгээ өгч Засгийн газраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Өмнө нь авлига авч албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд 40 сая төгрөгөөр торгуулж нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасуулаад өнгөрдөг тохиолдол гарч байсан. Тэгвэл иргэдийн тавьсан шаардлагын дагуу өөрчлөлт оруулж нийтийн албанд томилогдох эрхийг 20 жил хүртэлх хугацаагаар хасах, торгуулаад өнгөрдөг байсан бол энэхүү өөрчлөлтөөр ял завших боломжгүй болох юм.

Мөн гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгийг хураахыг шаардсан юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгийг хураадаг. Тэгвэл үүн дээр нэмэгдүүлж өөрийн орлогоос давсан автомашин болон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол шалгах чиглэлийг өгч байна

Түүнчлэн эрх бүхий этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд тухайн институци нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг шууд зогсоож байна. Зогсоосон тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дууссан цагаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор болсон байна. Өөрөөр хэлбэл халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон гэж хууль санаачлагчдын зүгээс мэдээллээ.