Энэ оны эхний 11 сарын байдлаар дунджаар 191 мянган ээжид хүүхдээ асарсны тэтгэмж болох 50.000 мянган төгрөгийг улсаас олгожээ. Гэвч сүүлийн саруудад зарим ээжүүдийн төлөөлөл уг тэтгэмж цаг тухай бүртээ олгогддоггүй. Мөн бага насны хүүхдийн наад захын хэрэгцээг хангах хэмжээний мөнгө биш гэдгийг хэлж байна.
Төрөөс иргэдийн наад захын хэрэглээг хангах зорилгоор олгодог мөнгийг тэтгэмж гэж нэрлэдэг. Тэгвэл улсаас 0-3 хүртэлх насны хүүхдээ асарсны тэтгэмж 50 мянга төгрөгийг сар бүр олгодог. Гэвч энэхүү мөнгө нь бага насны хүүхдийн наад захын хэрэгцээг хангаж чаддаггүй тухай зарим ээжүүдийн төлөөлөл хэлж байна.
Бага насны хүүхдээ асарсны тэтгэмж сар бүрийн 20-нд иргэдийн дансанд орж эхэлдэг. Харин зарим иргэдийн мэдээлэл зөрснөөс шалтгаалж цаг хугацаандаа иргэдийн дансанд мөнгө нь орж чаддаггүй тохиолдол гардаг байна.
Өнгөрсөн долоон сараас хэрэгжиж эхэлсэн хуулийн заалтаар тухайн хүүхдийн ээж ажилдаа орсон тохиолдолд аавд нь хүүхдээ асарсны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохоор болжээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар бага насны хүүхэдтэй ээжүүдэд хүүхдээ асарсны мөнгөн тэтгэмжид 6.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Цаашид хүүхдээ асарсны тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас тодруулахад шийдвэр гаргах түвшний байгууллага биш учраас харьяалагдах яамд мэдээлэл хүргэх үүрэгтэй юм байна.