ОХУ-ын зэвсэгт хүчний хуурай газрын довтолгоо сүүлийн хэдэн сар бүтэлгүйтсэн ч ирэх оны эхээр өргөн хүрээг хамарсан ээлжит томоохон давшилтаа хийхээр бэлтгэж байгаа талаар Украины эрх баригчид мэдээлжээ. Оросын зэвсэгт хүчний цэргүүд Донбассын зүүн болон өмнөд хэсэг, цаашлаад нийслэл Киев рүү чиглэж болзошгүй гэж Украины тагнуулын байгууллагын дарга онцлон мэдээлжээ.
Харин Өрнөдийн улсуудын Батлан хамгаалах салбарын шинжээчид Украины мэдэгдэлд өөр байр суурьтай байгаагаа мэдэгджээ. Их Британийн цэргийн өндөр дээд албан тушаалтан Сэр Тони Радакин “Москвагийн хувьд дайны нөхцөл байдал өдөр ирэх тусам дордож байна. Тэд их бууны сум, буу, хамгаалалтын хувцас гээд бүх төрлийн зэвсэг, техник хэрэгслийн хомсдолд ороод байна.” Хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр Украины дайнд Иран улсын гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгааг онцлоод орос улс хуурай газрын довтолгоогоо эрчимжүүлэхийн тулд илүү хугацаа хэрэгтэй гэжээ. Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников “дайны талбарт томоохон хохирол амссан Орос улс шинэ довтолгоо хийхээр төлөвлөж байгааг нотлох баримтууд нэмэгдсээр байна” хэмээн цохон тэмдэглэжээ. Украинд нэмэлт хүч илгээх В.Путины төлөвлөгөөний дагуу өнгөрсөн 10-р сард дайчилгаанд хамрагдсан 300 мянган цэргийн тал хувь нь бэлтгэл сургуулилалтад хэдийн хамрагдсан бөгөөд ирэх оны эхээр дайнд үүрэг гүйцэтгэж эхлэх төлөвтэй байгааг Резников анхааруулжээ.
Украины төрийн өндөр дээд албан тушаалтнууд ээлж дараалан оросын хуурай газрын довтолгоо удахгүй эхлэх гэж байгаа талаар мэдээлж байгаатай холбогдуулан “Экономист”-ийн шинжээчид дараах таамгийг дэвшүүлжээ. Тухайлбал, ирэх оны 2-р сарын сүүлээр ОХУ-ын зэвсэгт хүчний 200 мянга орчим цэрэг одоо дайны талбар болоод буй Донбасс орчмын бүс нутгаар бус Беларусийн хилийн бүсээр дамжан эсрэг талаас нь нийслэл Киев рүү давшихаар бэлтгэж байгаа гэж дүгнэж байна. Харин Украины зэвсэгт хүчний командлал нөөцөө бүрдүүлэх ажилд шуурхайлан орсныг Ройтерс агентлаг мэдээлжээ.