Туркийн шүүхээс Истанбул хотын захирагчид төрийн албан хаагчдыг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял оноожээ

Өнгөрсөн лхагва гарагт Туркийн шүүхээс Истанбул хотын захирагч Эмрек Имамоглуг төрийн албан хаагчдыг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял оноосон байна. Ирэх оны Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоганы хүчтэй өрсөлдөгч хэмээн тодорхойлогдож байгаа сөрөг хүчний улс төрчид хорих ял оноосонд тус улсын иргэд сэтгэл дундаар байгаагаа Ройтерс агентлагт ярьсан байна.

2019 онд Эмрек Имамоглу Истанбул хотын захирагчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдыг доромжилсон агуулга бүхий үг хэрэглэсэн нь давж заалдах шатны шүүхээр нотлогдсон тул түүнд шүүхээс хоёр жил долоон сарын хорих ял оноожээ.

Харин Эмрек Имамоглу шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд 17 сая хүн амтай хотын захирагч ажил үүргээ гүйцэтгэсээр байх болно гэдгээ онцлон хэлжээ. Тэрбээр шүүхийн дээрх шийдвэр нь "Өнөөгийн Турк улсад шударга ёс байхгүй гэдгийг нотолсон, туйлын хууль бус үйлдэл болсон” гээд давж заалдахаа мэдэгджээ.

Ирэх оны 6-р сард болох Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд Эмрек Имамоглу ялалт байгуулах төлөвтэй байгааг улс төр судлаачид хэлж байгаа юм. Эрдоганы засаглалын он жилүүдэд Турк улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, амьжиргааны өртөг нэмэгдсэн, геополитикийн асуудал гүнзгийрсэн гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль Эрдоганы хувьд том сорилт болох төдийгүй сөрөг хүчний зургаан намын эвслийн улс төрчид Эмрек Имамоглуг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь гарцаагүй болоод байгааг Ройтерс агентлаг уламжилжээ.

Шүүхийн хараат бус, бие даасан байдалд нөлөөлж байгаа Эрдоганы үйлдэлд Турк улсын иргэд дургүйцлээ илэрхийлж, Истанбул хотын төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлжээ.