Өнгөрсөн 10-р сард Их Британийн Манчестер хот дахь Хятадын консулын байрны гадна талбайд Хонгконгийн ардчиллыг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тэр үеэр Хятадын дипломат албаны зургаан ажилтан жагсагчдыг консулын байрт татан оруулж, зодсон хэрэг гарсныг мэдээлж байсан.
Үүнтэй холбогдуулан бээжингийн эрх баригчид дээрх албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасныг Ройтерс агентлаг уламжилжээ. Манчестер хотын гадна талбайд болсон ардчиллыг дэмжигчдийн жагсаалын үеэр дээрх хэрэг явдал гарсан байна. Жагсагчид Хятадын эрх баригч Коммунист нам болон Ши Жиньпинийг огцрохыг шаардсан уриа лоозонг гартаа барьж эсэргүүцлээ илэрхийлж байжээ.
Жагсагчдыг зодсон хэрэгтэй холбогдуулан Манчестер хотын цагдаагийн газраас дипломат албаны ажилтнуудыг халдашгүй эрхээсээ татгалзаж, байцаалт өгөхийг шаардсан төдийгүй гэмт хэрэг үйлдсэн гэх баттай баримт нотолгоо олдсон гэдгийг мэдэгджээ. Хэрэв дипломат эрх ямбаасаа татгалзахыг зөвшөөрөхгүй бол хүч хэрэглэн байцаалт явуулна гэдгээ мэдэгдэж энэ сарын 15 хүртэл тэдэнд хугацаа өгсөн байна. Харин хуулийн байгууллагын шаардлагын хариуд тус дипломат албаны ажилтнуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэдгээ Хятадын гадаад хэргийн яамнаас мэдээлсэн бөгөөд хариуцлагагүй үйлдэл дахин давтагдахгүй гэдгийг Их Британийн талд мэдэгджээ.