Засгийн газраас Нийслэл хот хариуцсан сайдыг томилон 3 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болоод байгаа авто замын түгжрэлийг бууруулахад “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” уриа дор иргэдтэй хамтдаа хүчин зүтгэж, бодитой ахиц дэвшил гаргаж ажиллах болно гэж Ж.Сүхбаатар сайд хэлж байсан. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл авто замын түгжрэл бууруулах асуудалд дорвитой арга хэмжээ авч чадаагүй хэвээр байна гэж иргэд шүүмжилж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний салбарын 86 хувь, аж ахуйн нэгж байгууллагын 70 орчим хувь нь байршиж байна. Тиймээс түгжрэлийг бууруулах нь өнөө маргаашдаа шийдэгдэх асуудал биш урт хугацааны бодлогоор шийдэгдэх боломжтойг хот хариуцсан сайд хэдэнтээ хэлсэн. Энэ онд түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр төлөвлөж байсан ч өнөөдрийн байдлаар 100 гаруй автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Мөн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах зэрэг ажлуудыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлсэн. Гэсэн ч иргэдийн зүгээс өөрчлөлт гараагүй урьдын адил 2-3 цагийг түгжрэлд зарцуулж байгаа гэдгийг хэлж байна
Харин ирэх онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо мэргэжлийн байгууллагуудын судалгаа, санал дүгнэлтэд үндэслэн, богино, дунд хугацааны 6 чиглэлээр 46 арга хэмжээний төлөвлөгөөгөө гаргаж, үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаанаар батлуулжээ. Авто замын түгжрэлийг бууруулахад гол суурь болж буй нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийхээр болж 2023 оны Монгол улсын нэгдсэн төсөвт 339 тэр бум төгрөгийг төсөвлөсөн байна. Уг төсвөөр Олон улсын стандарт шаардлагад нийцсэн 600 гаруй нийтийн тээвэр, автобусны томоохон зогсоолууд барихаар төлөвлөсөн байна