2022 он гарснаас хойш АНУ-ын нисэх буудлуудын ажилтнууд 6600 гаруй галт зэвсгийг хууль бусаар эзэмшсэн этгээдүүдээс хурааж авсан нь 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт болсныг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Мөн хураагдсан галт зэвсгүүдийн 88 хувь нь буюу 6300 гаруй нь цэнэгтэй байсан байна. Харин 2021 онд нисэх буудлуудын шалган нэвтрүүлэх хэсэгт нийт 5972 галт зэвсэг хураан авсан нь өмнөх түүхэн дээд үзүүлэлт болж байжээ.
“Галт зэвсэг эзэмших эрхийг АНУ-ын муж бүр өөрийн дотоод хуулийн дагуу зохицуулдаг. Гэвч ачаа тээшинд хийн хил нэвтрүүлэх гэж буй аливаа галт зэвсгийг манай аль ч шалган нэвтрүүлэх хэсэг хүлээн зөвшөөрдөггүй” хэмээн Тээврийн аюулгүй байдлын албаны мэдэгдэлд дурджээ.
Тэгвэл энэ төрлийн зөрчил гаргасан этгээдэд муж улсуудын хуулиас хамаарч 15 мянга хүртэлх ам.долларын торгууль ногдуулдаг байна. Галт зэвсэг биедээ авч явж байгаа аялагчид гаалийн мэдүүлэг заавал бөглөх ёстой төдийгүй тусгай зааврын дагуу тусдаа ачаанд хийн хил нэвтрүүлэх журамтай байдаг байна.
Швейцарь улсад төвтэй "Small arms survey" хэмээх тэргүүлэгч судалгааны байгууллагын тоо баримтаас үзвэл, 2020 оны байдлаар АНУ-д иргэдийн нэр дээр 410 гаруй сая буу, галт зэвсэг байгаа талаар мэдээлжээ.