Шинэ жилийн баяр дөхөхийн хирээр өрхийн төсвөөс баярт зарцуулагдах зардлаа өрх бүр тооцож байна. Дундаж орлоготой нэг өрх шинэ жилийн баярын ширээгээ засахын тулд дунджаар 400-500 орчим мянган төгрөг зарцуулдаг байна. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн учир цар тахлын өмнөх жилүүдээс 2 дахин өндөр өртөгтэй болсон нь хүндрэлтэй байгаа байна.
Цар тахлын өмнөх жилүүдэд дундаж орлоготой нэг өрх 200 орчим мянган төгрөгөөр шинэ жилийн баярын бэлтгэлээ хангадаг байсан бол өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 2 дахин өссөн байгаа тул хүндхэн байна. Тухайлбал, баярын бялууг 20-30 мянга орчим төгрөгөөр худалдаж авдаг байсан бол өнөөдөр хамгийн хямд бялуу нь 40-60 мянган төгрөгийн үнэтэй болжээ.
---2019 онд хамгийн хямд өртөгтэй оргилуун дарс 7000 төгрөг байсан бол энэ онд 20.000 төгрөгийн үнэтэй болжээ
---Мөн хямд өртөгтэй бялуу 20.000 төгрөг байсан бол энэ онд 40.000 төгрөгийн үнэтэй болжээ
---Цар тахлын өмнө нэг килограмм майонез 5000 төгрөг байсан бол энэ онд 12.000 төгрөг болж үнэ нь тус тус өссөн байна
Иргэдийн дундаж цалин нэмэгдсэн ч өдөр ирэх тусам нэмэгдэж буй үнийн өсөлтөөс шалтгаалж худалдан авах чадвар муудаж байгааг хэлж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар иргэдийн дундаж цалин 1,5 сая төгрөгт хүрсэн байна. Гэвч иргэд татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ авч байгаа цалин нь нэг сая хүрэхгүй байгаа юм. Гар дээр ирсэн цалингийн үлдэгдлээс зээлээ төлөх,ахуйн хэрэглээгээ хангах зэрэгт зарцуулан багахан мөнгө үлддэг тул түүндээ тааруулан шинэ жилийн баяраа тэмдэглэхээр төлөвлөж байгаа талаараа иргэд ярьж байна.