С.Шаарийбуу: Уучлаарай гэж хэлүүлж чадсан нь ялалт

Одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 онд Монгол улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад амиа алдсан. Тэгвэл өнгөрөгч баасан гарагт 16 жилийн туршид үргэлжилсэн уг  хэргийг хохирогч талд шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр хохирогч эмэгтэйн аав, иргэн С.Шаарийбуу Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр охиныг нь хөнөөсөн гэмт хэрэгтнүүдээр уучлалт гуйлгах гэж 16-17 жил тэмцжээ. Өнөөг хүртэлх хугацаанд Малайз, Австрали, Монгол, Франц гээд олон улсын болоод хүний эрхийн байгууллагуудад нийтдээ 300 гаруй захидал бичиж шантралгүй тэмцэж чадсаны эцэст хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж чадсан байна. Хэдийгээр буруутныг олж тогтоон, уг хэргийг шийдвэрлүүлэхийн тулд үе үеийн төрийн удирдлагуудаас тусламж хүссэн ч ямар нэгэн үр дүнд хүрч чадаагүй, манай улс Малайз улсруу албан бичиг явуулахаас өөр чадамж байгаагүй. Учир нь НҮБ-ын хэлэлцээрээр тухайн оронд болсон дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож болдоггүй гэх шалтгаанаар хэрэг шийдэгдэлгүй өдийг хүрчээ.

Манай улсын иргэд Малайз улсад амиа алдсан тохиолдол цөөнгүй байдаг, тэд ихэвчлэн хүний наймаа болоод хар тамхины хэрэгт холбогддог байна. Хүний эрх бүдүүлгээр зөрчигдсөн улс оронд гэмт хэргийн асуудлыг шийдүүлж чадсан Ш.Алтантуяа агсны аав, иргэн С.Шаарийбуу цаашид хүний эрхийн төлөө хүчтэй шүгэл үлээгч байх болно гэдгээ илэрхийлжээ.