Москва өөрийн хамгийн ойрын холбоотон Беларусийг Украины эсрэг хуурай замын шинэ довтолгоонд нэгдэхийг шахаж байна гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Владимир Путин Минск хотод айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Орос, Беларусийн Төрийн тэргүүнүүд Батлан хамгаалах салбарын нягт хамтын ажиллагааны талаар хэлэлцсэнийг Ройтерс агентлаг уламжилжээ.
Даваа гарагт Оросын зэвсэгт хүчин Украины Нийслэл Киев хотын хэд хэдэн иргэний дэд бүтцийг нисгэгчгүй сөнөөгч онгоц буюу дроноор устгаснаас хойш хэдхэн цагийн дараа В.Путины Беларусь дахь айлчлал эхэлснийг Ройтерс агентлаг мэдээллээ. Путин 2019 оноос хойш анх удаа Минскт айлчилж байгаа нь ойрын холбоотон улсдаа ховорхон зочилдгийг илэрхийлж байна.
Айлчлалын эхний өдөр талуудын уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн бөгөөд уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр В.Путин хоёр улс Батлан хамгаалах салбарын нягт хамтын ажиллагааны талаар хэлэлцсэнийг цохон тэмдэглэжээ. Энэ нь хоёр улс хамтран аюулгүй байдлаа хангах, цэрэг армийн хамтарсан бэлтгэл, сургуулилалтыг үргэлжлүүлэх, зэр зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдэд хамтарч ажиллахаар болсноо зарлажээ.
“Бид хоёр орны аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг үргэлжлүүлэн авахаар тохиролцлоо. Цэргүүдийг сургахад нэн тэргүүнд анхаарч, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлж, хамтарсан сургуулилт болон бусад ажиллагааны болон байлдааны бэлтгэлийн дадлага сургуулилалтыг үргэлжлүүлнэ. Беларусь бол оросын стратегийн түнш, ойрын холбоотон, бид дан, дангаараа тусгаар тогтнолоо хамгаалах боломжгүй. Мөн бидний интеграцчлалыг хэн гэдэг нь тодорхойгүй дайснууд зогсоохыг оролдож байгаа. Гэхдээ тэд зорилгодоо хүрч чадахгүй. Орос улс Беларусийн нисгэгчдийг цөмийн онгоц тээвэрлэх чадварт сургах, сансарт нисгэх амлалтыг үүгээр өгч байна” гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэлсэн байна.
Харин Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко талуудын хэлэлцээ хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарал хандуулсныг цохон тэмдэглэжээ. Тэрбээр “хамтдаа сорилтыг давж, тэсэж чадсан төдийгүй эдийн засгаа хөгжүүлэх боломжийг олж харж чадсанаа бид эргэлзээгүйгээр мэдэгдэж байна” хэмээн мэдэгджээ.