Даваа гарагт Европын Холбооны гишүүн улсуудын эрчим хүчний сайд нар эрчим хүчний гүн хямралаас сэргийлэхийн тулд байгалийн хийн үнэд дээд хязгаар тогтоох зөвшилцөлд хүрчээ. Европын Холбоо байгалийн хийн үнэд дээд хязгаар тогтоох шийдвэр гаргасан нь эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалсан инфляцийн өсөлтийг сааруулах сүүлийн оролдлого гэдгийг шинжээчид онцолжээ.
Үнийн дээд хязгаар нь Европын байгалийн хийн зах зээлийн уламжлалт буюу өмнө нь баримталж ирсэн зарчмын дагуу хэрэгжинэ гэдгийг тус холбооны эрчим хүчний сайд нар цохон тэмдэглэжээ. Тухайлбал, байгалийн хийн ирэх сард нийлүүлэх Фьючерс хэлцлийн үнэ Европын хөрөнгийн биржүүдэд гурван өдрийн турш дараалан нэг мегаватт цаг нь 180 еврогоос дээш түвшинд хүрвэл үнийн дээд хязгаар тогтоох механизм ажиллаж эхэлнэ гэжээ. Уг механизмыг 2023 оны 2-р сарын 15-аас мөрдөж эхлэх юм байна.
“Европын Холбоо эрчим хүчний эх үүсвэрийн үнэ огцом өсөхөөс иргэдээ хамгаалах чухал шийдвэрт хүрч чадлаа. Биднийг эрсдэлээс хамгаалах, хангамжийг найдвартай болгох, санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгахад шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг багтаасан бодитой, үр дүнтэй механизмыг бий болгоно" гэж Чехийн Эрчим хүчний сайд Жосеф Сикела мэдэгджээ. Өмнө нь нэг мегаватт цаг нь 275 евро хүрэх үед үнийн дээд хязгаар тогтоох хувилбар яригдаж байсныг эх сурвалжууд мэдээлжээ. Европын холбооны гишүүн орнуудын эрх баригчид сүүлийн хэдэн долоо хоногийн турш хийн үнэд дээд хязгаар тогтоох асуудалд нэгдсэн зөвшилцөлд хүрч чадалгүй өдийг хүрсэн юм.
ОХУ-аас Европын Холбоонд нийлүүлж байгаа байгалийн хийн хэмжээ Украины дайны өмнөх үеэс даруй 80 гаруй хувиар буурсан бөгөөд эрчим хүчний үнийн өсөлт Европын Холбоо төдийгүй олон улсын инфляцийн өсөлтөд нөлөөлж, амьжиргааны түвшнийг дордуулж эхэлсэн юм. Тэгвэл Европын Холбооны эрх баригчид уг асуудлыг шийдвэрлэх сүүлийн оролдлогоо хийснийг шинжээчид онцолжээ.