Ирэх оны 7-р сараас уул, уурхайн биржийн тухай хуулиар бүтээгдэхүүнийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдана

Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг цахим биржээр дамжуулан худалдаалах хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Хуулийн төсөл батлагдсанаар уул, уурхайн бүтээгдэхүүнийг шилэн байдлаар олон нийтэд нээлттэйгээр худалдан борлуулах юм. Ингэснээр бүртгэл болоод худалдан авалт цахимжиж одоо үүсээд байгаатай адил зөрчлүүд үүсэх нөхцөлийг хязгаарлах боломжтой.

Нүүрсний хулгай үүсэх гол нөхцөл шалтгааныг улс төрчид болон эдийн засагчдын зүгээс худалдан авах гэрээг олон нийтээс нууцалсан. Мөн богино зайд тээвэрлэлтийг хэт үнэтэй хийсэн зэрэг шалтгаанаас үүдсэн гэж үзэж байна. Хамгийн гол шалтгаан нь эдгээр үйл ажиллагааны гэрээ болон худалдан авалтын гэрээг олон нийтээс нууцалснаас энэ бүхэн эхлэлтэй гэлээ.  Түүнчлэн Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн тухайд борлуулж буй нүүрс өөр өөр үнийн дүнтэй байдаг. Тэгвэл нүүрсийг биржээр дамжуулан худалдаалснаар чөлөөт зах зээлийн зарчмаар эрэлт дагаж үнэ тогтдог зарчим руу орох боломж бүрдэнэ.

Олон улсад 204 таваарын бирж ажиллаж байгаа юм. Эдгээр биржүүд шууд болон шууд бус байдлаар төрийн оролцоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Манай улс ч мөн энэ зарчмаар явах шаардлагатай.

Тэгвэл зарим УИХ-ын гишүүдийн зүгээс нүүрсийг цахим биржээр борлуулах түр журмыг олон дутагдалтай байна гэж шүүмжилж байгаа юм. Иргэд валютын данснаас тодорхой хязгаартайгаар данснаас мөнгө татах боломжтой байгаа энэ цагт өндөр дүнтэй уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалах боломж хомс гэж шүүмжиллээ.

Хууль санаачлагчдын зүгээс уул, уурхайн бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар нүүрсний гэх хулгайг цэгцэлж цаашид ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх боломжийг хааж ашигт малтмалын олборлолтоос эхлэн худалдан авагчид хүрэх хүртэлх бүх үйл ажиллагааг цахимжуулна.