Шинэ загварын иргэний үнэмлэхийг энэ сарын 13-аас эхлэн олгож байна

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны 6 дугаар сард баталсан. Энэ хүрээнд хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах зорилгоор шинэ загварын иргэний үнэмлэхийг энэ сарын 13-аас эхлэн олгож байна. Тус үнэмлэхэд регистрийн дугаар болон оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн чип буюу санах ойд байршуулахаар болсон байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас энэ сарын 13-ны өдрөөс хойш иргэний үнэмлэх захиалсан иргэдэд шинэ загварын иргэний үнэмлэхийг олгож байна. Мөн хаяж, гээгдүүлэн дахин захиалж байгаа болон сунгаж байгаа тохиолдолд тус шинэ загварын иргэний үнэмлэхийг олгоно. Харин хуучин иргэний үнэмлэхийн загварыг ашиглаж байгаа иргэдэд заавал шинэ загварыг ав гэж шаардахгүй гэсэн юм.

Үнэ тарифын хувьд шинэ загварын иргэний үнэмлэх хуучин үнэмлэхтэй ижил хураамжтай, торгуультай. Тодруулбал, иргэд үнэмлэхээ захиалахдаа 18.300 төгрөг  төлнө. Мөн иргэний үнэмлэхээс регистрийн дугаар болон гэрийн хаяг хасагдаж байгаа учир бэлдцийг хийхэд илүү зардал гарахгүй гэсэн юм.

Ийнхүү иргэний үнэмлэхээс регистрийн дугаар болон гэрийн хаяг хасагдаж харин тухайн иргэний мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийж байна. Энэ нь хувь хүний мэдээллийг хамгаалахаас гадна Төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах юм.