Өнөөдрийн байдлаар 56.000 бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс хүүхдийн хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээг нэмэгдүүлэхийг зорьдог. Харин манай улсын хувьд нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалаад  2021 оны хөдөлмөрийн шинэчилсэн хуулиар 13 настай хүүхдийг хөнгөн хөдөлмөр эрхэлж болно гэж хуульчилсан байна.

  • Манай улсын нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад 2021 оны шинэчилсэн хөдөлмөрийн хуульд бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэх насыг 2 насаар бууруулжээ. Тодруулбал 15 настай хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болно гэсэн заалтыг 13 болгон бууруулсан байна.
  • 2002 оны байдлаар 96.000 мянган бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлдэг байсан бол энэ онд хийсэн судалгаагаар 56.000 мянга болж буурчээ. Хэдийгээр тоон үзүүлэлт буурсан ч далд хэлбэрийн хөдөлмөрийн мөлжлөг үйлдэгдсэн хэвээр байна
  • Бага насны хүүхдийн хөдөлмөр эрхэлсэн цалин хөлсийг олгохдоо  цалингийн доод хэмжээнд дүйцэхүйц  байхаар хуульчилсан байдаг. Гэвч  4500 орчим хүүхдийн дунд хийгдсэн  судалгаагаар 78 хувь нь цалин хөлсөө авч чадаагүй гэж хариулжээ
  • Энэ онд хүүхэд хөдөлмөр эрхлэлтийн улмаас бэртэж, гэмтсэн 24 тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 56.000 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь өрхийн орлого багатай айл өрхийн хүүхдүүд байна.

Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн бус байгууллагууд хүүхдийн хөдөлмөрийн чанарын асуудалд судалгаа хийжээ. Судалгаагаар хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн зохицуулалт, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн хэсгүүдэд нарийвчлан дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийн байдал боолчлолын хэлбэр рүү ойртож байна гэж гарсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн гомдлын дагуу асуудалд хяналт шалгалт хийдэг.  Гэвч хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн бага насны хүүхдүүд энэ тухайгаа төдийлөн ил гаргаж гомдол мэдүүлдэггүй. Тиймээс эрхээ хамгаалуулж чаддаггүй. Хүүхдийн эрхийг хамгаалах олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Гэвч хоорондын уялдаа холбоо муу байгаагаас хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг хэвээр байна. 

Хүүхэд 5 наснаасаа эхлэн хөдөлмөр эрхэлдэг гэдгийг судлаачид хэлж байна. Улмаар  бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлсний улмаас бие махбодод нь гэмтэл учирсан 24 тохиолдол Хүний эрхийн үндэсний комисст бүртгэгджээ.