Аргентинд аваргуудаа угтан авах баярын жагсаалд хэт олон хүн цугларсны улмаас тамирчдыг нисдэг тэргээр зөөвөрлөжээ

Өнгөрсөн мягмар гарагт Аргентины иргэд хөл бөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн шигшээ багийн тамирчдаа угтан авах баярын жагсаал зохион байгуулсан байна. Эх орондоо буцаж ирсэн шигшээ багийн тамирчид Буэнос-Айрес хотын гудамжаар задгай автобусаар зорчиж, иргэдтэй баяраа хуваалцах төлөвлөгөөтэй байсан ч хэт олон цугласны улмаас цуцлагджээ.

Аргентины нийслэлийн гудамж талбайд тооцоолсноос олон хүн цугласны улмаас автобус зорчих боломжгүй болсон төдийгүй жагсаал эхлээд удаагүй байхад тамирчдыг нисдэг тэргээр аюулгүй газарт хүргэхээс өөр аргагүй болжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлснээр Буэнос-Айрес хотын төв талбайд дөрвөн сая хүн цугласан бөгөөд хотын төвийн бүх хэсэгт тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэлтэй болсныг Ройтерс агентлаг мэдээлж байна.

Хөгжөөн дэмжигчид аваргуудын зорчиж явсан автобус руу авирч байгааг, мөн хотын өнцөг булан бүрээс төв талбай руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөн гудамж талбайг дүүргэж, түгжрэл үүсгэснийг  харуулсан дүрс бичлэг, фото зураг цахим сүлжээнд ихээр нийтлэгджээ.

Аргентины Засгийн газраас энэ долоо хоногт шаардлагагүй тохиолдолд ажилтнуудаа амраахыг албан байгууллагууд уриалсан төдийгүй 12-р сарын 20-ны өдрийг үндэсний баярын өдөр болгон зарлажээ.

Аргентин улс ДАШТ-д гурван удаа түрүүлсэн амжилтаараа тус тэмцээнд тав түрүүлсэн Бразил, дөрөв түрүүлсэн Италийн араас эрэмбэлэгдэж байна.