Германы шүүх нацистын хориход 10 мянга гаруй хүний амийг хөнөөхөд гар бие оролцсон эмэгтэйд шийтгэл ногдуулжээ

Германы шүүхээс Дэлхийн 2-р дайн үед нацистын хорих лагерт бичээчээр ажиллаж байсан өдгөө 97 настай Ирмгард Фурчнер хэмээх эмэгтэйг дайны гэмт хэрэг буюу 10 мянга гаруй хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Германы Дээд шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял ногдуулсныг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Тэрбээр уг хэргийг үйлдэх үедээ ердөө 18 настай байсан тул насанд хүрээгүй иргэдийн дагаж мөрдөх хуулийн дагуу ийнхүү шийтгэж байна гэж шүүгчид мэдэгджээ. Нацистын хорих лагерийн командлагчийн бичээчээр ажилладаг байсан түүнийг 10.500 гаруй хүний амийг хөнөөхөд гар бие оролцсон гэх ялын дүгнэлтийг хуулийн байгууллага үйлджээ.

Одоогийн Польш улсын Гданськ хотын ойролцоо байрлаж байсан хорих лагерт Дэлхийн 2-р дайны үед Еврей, Польш иргэд болон зөвлөлтийн олзны цэргүүд хоригдож байсан гэдгийг албаны баримтад тэмдэглэсэн байдаг төдийгүй тус хорих лагерт 65 мянга гаруй хүний амийг хөнөөсөн гэх дайны гэмт хэргийн баримтууд үлдсэн гэдгийг холбогдох албанаас мэдээлжээ.

Германы шүүхээс тухайн үед тус хорих лагерт хоригдож байсан хүмүүсийг шүүх хуралд гэрчээр дуудсан бөгөөд шүүх хуралд оролцсон гэрчүүд санал нэгтэйгээр 97 настай Ирмгард Фурчнерийг “Хомроглон устгах ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан ч зогсоох бус, гэмт хэргийг хамтран үйлдсэн” хэмээн мэдүүлжээ. 

2021 онд Германы хуулийн байгууллага дайны гэмт хэргийг эргэн хөөн хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн Ирмгард Фурчнер оргон зайлах оролдлого хийсэн ч цагдаагийн алба хаагчид Хамбург хотын нууц байрнаас нь түүнийг олсон байна.

Өнгөрсөн жил мөн тус хорих лагерт хянагч хийж байсан 98 настай эрэгтэйд Германы шүүх таван жилийн хорих ял оноожээ.