Өнөр бүл асрамжийн төвд хөгжлийн бэрхшээлтэй нийт 23 хүүхэд байгаагаас 2 нь 20 нас хүрчээ. Асрамж халамжийн төв нь хүүхдийг 18 нас хүртэл асран хамгаалах ёстой гэж хуульд заасан байдаг ч эдгээр хүүхдүүд 18 нас хүрээд очих газаргүй, харж хандах хүнгүй тул өнөөг хүртэл асрамжийн төвд амьдарч байна.
Улсын хэмжээнд 31 асрамж халамжийн төв үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр төвүүдэд нийт 976 бага насны хүүхэд амьдарч байгаагаас 86 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүний 23 нь өнөөдөр өнөр бүл асрамжийн төвд амьдардаг. Тэдний дунд оюуны хөнгөн,хүнд хэлбэрийн бэрхшээлтэй, аутизмтай,4 мөчний саажилттай хүүхдүүд ч байна. Тэднийг асрахад энгийн хүүхдээс 2 дахин илүү ачаалал үүсэж тэр хэмжээгээр төсөв мөнгөний зардал гардаг байна. Учир нь байнгын эмчилгээ, эм тариа, живх хэрэглэх гээд олон хүндрэлтэй асуудал тулгардаг. Мөн сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйн улмаас өөрийгөө болон өрөөл бусдыг гэмтээх тохиолдол ч их гардаг байна.
2018 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус төвд ирэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан насан туршийн асрамжийн газар баръя гэдэг санаачилга гаргаж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудалд холбогдох албаныхан анхаарал хандуулахгүй хүүхдүүд очих газаргүй хэвээр байна.
Халамжийн төв эрүүл мэндийн зардлын дийлэнх хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд зарцуулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 5 нь 288 мянган төгрөгийн тэтгэмжийг улсаас авдаг байна. Холбогдох албаныхан хүүхдийн ирээдүйд зориулж 200 мянган төгрөгийг нь хадгаламж хэлбэрээр хадгалж 88 мянган төгрөгийг хэрэглээний зардалд нь зориулдаг байна. Бусад хүүхдүүд насанд хүрээд ажил хөдөлмөр эрхэлж амьдралд хөлөө олоод явж чаддаг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд очих газаргүй,гэр бүлгүй учраас гудамжинд гарахад ойрхон байгаа гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.