Төрийн ордонд болж буй нээлттэй сонсголд Засгийн газраас эхлэн Монголын төмөр зам болон хувийн хэвшлийн байгууллагууд олон нийтийн дунд төөрөгдлийн үүсгээд байгаа алдагдсан боломж болон нүүрсний үнийн дүнгийн талаарх нэгдсэн мэдээллийг өгсөн юм. Тухайлбал, нүүрсний салбараас сүүлийн арван жилийн хугацаанд зөвхөн татварын хяналт шалгалтаар 1.1 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэж Сангийн яамнаас мэдээлсэн байна.
Манай улсын тухайд сүүлийн арван жилийн хугацаанд 298.4 сая тонн нүүрсийг олборлон экспортолсон. Тэгвэл нийт олборлосон нүүрсний 86 сая тонныг нь ЭТТ ХК олборлож 12.8 их наяд төгрөгийн орлого олсон байна.
Харин нүүрс тээвэрлэлтийн “С” зөвшөөрөл болон нүүрсний богинын тээврийн талаар мэдээллийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өгсөн юм. Нүүрс тээвэрлэлтийн тал дээр 20км хүрэхгүй зайд тээвэрлэлтийн ханш 80 ам.доллар хүрч байсан зөрчлүүд илэрсэн юм.
Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй,эсвэл хоосон гэж бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл, тоо хэмжээ зөрөх, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэсэн 86 компанийн 2500 гаруй автомашин олон удаагийн давтамжтайгаар хил гарахдаа гаалийн байгууллагад хоосон гэж мэдэгдсэн зэрэг зөрчлүүд илэрсэн.
Одоогийн байдлаар прокурорын байгууллагаас 57 хүнийг яллагдагчаар татсан. Нүүрсний хэрэгтэй холбогдуулан 22 хэргийг шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Холбогдох байгууллагын өгч буй мэдээллээр татварын зөрчлөөр 1.1 их наяд төгрөг харин офтэйк гэрээгээр 187 тэрбум төгрөгийг алдсан мэдээлэл одоогийн байдлаар ил болоод байгаа юм. Нээлттэй сонсголд ийнхүү холбогдох байгууллагын төлөөллүүд мэдээлэл өглөө. Энэхүү мэдээллийг нэгтгэж маргааш УИХ-ын чуулганд өргөн барина.