АНУ-ын Төвийн болон Зүүн нутгийн муж улсуудад их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур буурсны улмаас өнгөрсөн баасан гаргийн байдлаар 3000 орчим хуваарьт нислэг цуцагдсан байна. Арктикийн хүчтэй, хүйтэн агаарын урсгал ойртож байгаагийн улмаас тус улсын Зүүн болон Төв хэсгийн нутгаар цаг агаар эрс хүйтрэх төлөвтэй байгааг цаг уурчид онцлон мэдээлжээ.
Зул сарын баярын амралтын өдрүүд эхлэх гэж байгаатай холбогдуулан АНУ-д их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч эхэлсэн нь тус улсын иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тээврийн яамнаас мэдээлснээр агаарын болон автозамын зорчих хөдөлгөөнийг зогсоосны улмаас 20 сая хүн баярын өдрүүдэд дотооддоо зорчих боломжгүй болсон байна.
Мөн АНУ-ын Үндэсний цаг уурын алба хамгийн аюултай цасан шуурганы Циклон хараахан тус улсыг дайран өнгөрөөгүй байгаа төдийгүй амралтын өдрүүдэд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг онцолсон байна.
Арктикийн хүйтэн агаарын урсгал Канадын хилээс Мексикийн хойг хүртэл, Вашингтон мужаас Флорида хүртэлх нийт газар нутгийг хамарч байна. Түүнчлэн өнгөрсөн баасан гаргийн өглөө Нарлаг Невада мужид агаарын температур хэдхэн цагийн хугацаанд хасах руу орж хүйтэрсэн ховор тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ-ын Зүүн бүсийн муж улсуудад хур тунадасны хэмжээ хэдийн 200 миллиметрийг даваад байгааг цаг уурын байгууллагаас мэдээлсэн байна.