“Долоогийн бүлэг”-ийн улсуудын Сангийн сайд нар Украинд ирэх онд 32 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх зөвшилцөлд хүрснээ өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ. “Украины яаралтай, богино хугацааны санхүүжилтийн хэрэгцээг шийдвэрлэхэд урьдын адил үүрэг хүлээсэн хэвээр байна” гэдгийг тус бүлгийн улсуудын Сангийн сайд нар мэдэгдсэн байна.
Украины хүн амын үндсэн хэрэгцээг хангах, нэн шаардлагатай сэргээн засварлах ажлуудыг гүйцэтгэх, эдийн засгаа тогтворжуулах боломжийг бүрдүүлэх 32 тэрбум ам.долларын тусламжийг үзүүлнэ. Үүнээс гадна, “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Украины эрчим хүч, иргэний дэд бүтцийн байгууламжуудад халдсан явдлыг эрс шүүмжилж, Орос улсад хариуцлага хүлээлгэнэ хэмээн мэдэгдсэн байна.
ОХУ Ираны пуужин, дронуудыг ашиглан агаарын цохилт өгч байгаа нь “Украины олон сая иргэнийг харанхуй, хүйтэн өвлийг даван туулахад хүргэж байна” гэж Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок мэдэгджээ.
Ирэх оны 1-р сард “Долоогийн бүлэг”-ийг даргалах үүргээ Японд шилжүүлэхээр Герман улс сайд нарын цахим уулзалтыг зохион байгуулсан юм. Тус бүлэг нь Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, мөн Европын холбооноос бүрддэг байна.
Түүнчлэн “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Афганистан дахь Талибаны Засгийн газар эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг хориглох шийдвэр гаргасныг эрс зэмлэн буруушааж, шийдвэрээ цуцлахыг уриалсан байна. “Хүйсээр ялгаварлан гадуурхах нь хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэнтэй адил байж болзошгүй юм” гэж тус мэдэгдэлд дурджээ.