Даваа гарагт Умард Солонгос улсын таван ширхэг дрон Өмнөд Солонгосын агаарын хилийн зурвасыг нэвтэрчээ

Даваа гарагт БНАСАУ-ын талаас таван ширхэг дрон Өмнөд Солонгос улсын агаарын хилийн зурваст нэвтэрсэн талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Нийслэл Сөүл хотын захад хүрээд буцсан дронуудын нэг нь Өмнөд Солонгосын агаарын бүсэд гурав орчим цаг ниссэн байна.

Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин хилийн зурваст нэвтэрсэн дронуудыг устгах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

“Умардын дронууд иргэдийн олноор зорчиж байсан хэсэгт нисэж байсан тул иргэдэд учирч болох хохирлыг тооцон шууд устгахаас зайлсхийсэн” хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн бөгөөд сөнөөгч онгоцнууд болон нисэхийн бусад техник хэрэгслүүдээ хөөргөж Умард Солонгосын тал руу анхааруулах гал нээжээ.

Умардын дрон агаарын бүсэд нь нэвтэрсний дараа Сөүлийн эрх баригчид Инчон, Гимпо буудлуудаас нисэх онгоц хөөргөх, газардуулахыг нэг цагийн турш зогсоосон байна. Хамгийн сүүлд 2017 онд Умардын дрон хил зөрчиж байсан байна.